МУИС-ийн ректор Б.Очирхуяг, АНУ-ын Ютагийн Их сургуулийн захирал Тэйлор Рэндолл нар 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичиг нь багш, судлаач солилцоо, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний материалыг харилцан солилцох, хамтарсан судалгаа хийх, шинжлэх ухааны паркийн ажилтнуудыг чадавхжуулах гэсэн таван үндсэн чиглэлийг багтааж байгаа юм.
Ютагийн Их сургуулийн захирал Тэйлор Рэндолл МУИС-тай социологи, нийгмийн ухааны чиглэлд амжилттай хамтын ажиллагаа өрнүүлж ирснийг цохон дурдаад энэ удаа байгуулж буй санамж бичгийн хүрээнд тус хамтын ажиллагаа нь уул уурхай, эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарууд руу өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн энэхүү хамтын ажиллагааны гол түлхүүр нь хүний нөөцийн чадавх гэж онцолсон бөгөөд багш, ажилтнуудын солилцоо нь судалгааны их сургуулиудын хувьд нэн чухал болохыг дурдсан юм.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг уг хамтын ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тодорхой, жилийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг онцолж, талуудын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд анхаарал хандуулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр хоёр сургуулийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд тодорхой үйл ажиллагааны замын зураглал гаргах, бодит алхмуудыг шат дараалан хэрэгжүүлэх нь хамтын ажиллагааны гол түлхүүр гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэхүү санамж бичиг нь МУИС болон Ютагийн их сургууль хооронд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал алхам болох юм.
Ютагийн их сургуулийн Ази дахь кампусын тухай
Ютагийн их сургуулийн Ази дахь кампус (UAC) нь БНСУ-ын Инчон хотод байрладаг бөгөөд 2024 онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус кампус нь Азийн оюутнуудад Америкийн боловсролыг эх орондоо ойрхон авах боломжийг олгодог бөгөөд 2024 оны хаврын улиралд шинэ элсэгчдийн тоогоор дээд амжилт тогтоож, оюутны тоо өмнөх оноос 20 хувиар өссөн байна
Дэлгэрэнгүй мэдээллийг: Daily Utah Chronicle
Хамтын ажиллагааны газар