“Дайны дараах Японы Улсын хөгжил болон энх тайвны замаар замнасан түүх: Үндэс суурь хийгээд нийтлэг үнэт зүйлс” сэдэвт симпозиумыг Монгол Улсын Их сургууль болон Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.
Үндсэн илтгэлийг Токиогийн Эмэгтэйчүүдийн их сургуулийн тусгай зочин профессор Такахара Акио “Дэлхийн II дайны дараах Японы хөгжил, энх тайвны замнал хийгээд түүний үндэс суурь болсон Японы уламжлал ба нийтлэг үнэ цэн” сэдвээр,
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга “Дайны дараах Японы энх тайван” гэсэн сэдвээр тус тус лекц уншив.
Тус симпозиумыг нээж МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар үг хэлсэн бөгөөд урилгаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Монгол Улсын Их хурлын гишүүн Г.Лувсанжамц нар оролцов.
Хуралд МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн багш, оюутнууд болон Олон улсын харилцааны хөтөлбөрийн ахисан түвшний суралцагчид оролцож, үндсэн сэдвээр илтгэл танилцуулсан профессоруудаас асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хамтын ажиллагааны газар