Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим шинэчлэлийг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд оюутан залуусын дуу хоолойг хууль тогтоох, бодлого боловсруулах үйл явцад хүргэх зорилготой “SPARLIAMENT” хөтөлбөрийг эхлүүллээ.
Хөтөлбөрийн нээлттэй уулзалт Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр /2026.11.17/ Монгол Улсын Их Сургуульд болж, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оюутан залууст “SPARLIAMENT” хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх арга замыг танилцуулж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонслоо.


Уулзалтад МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ХЗС-ийн захирал Б.Амарсанаа нар оролцож, оюутан залуусын нийгмийн оролцоо, эрх ашгийг хамгаалах, тэдний санал санаачилгыг төрийн бодлого, шийдвэрт тусгахын ач холбогдлын талаар санал солилцов.



“SPARLIAMENT” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд parliament.mn/student цахим платформоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, санал хүсэлт, тулгамдсан асуудал, шийдлийн саналаа шууд илэрхийлэх боломжтой болж байна. Ирүүлсэн санал санаачилгыг хууль тогтоох болон бодлого боловсруулах үйл явцад тусгах замаар оюутан залуусын оролцоог бодит үр дүнтэй болгохыг зорьж байгаа юм.



Энэхүү санаачилга нь залуусын оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлгээр хязгаарлахгүй, тэдний дуу хоолойг тогтмол сонсож, төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх шинэ боломжийг нээж байгаагаараа онцлогтой.

