“Глобал бизнес дэх шинэ хандлага” сэдэвт олон улсын хурал амжилттай боллоо

Share Button

 МУИС-ийн Бизнесийн сургуулийн Худалдаа, маркетинг, менежментийн салбарын зохион байгуулсан “ГЛОБАЛ БИЗНЕС ДЭХ ШИНЭ ХАНДЛАГА” (The International Conference on Emerging Trends in Global Business 2024) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр боллоо.

    Тус эрдэм шинжилгээний хурал нь “Худалдаа, гаалийн шинэ хандлага”, “Менежмент, маркетингийн өөрчлөлтийн чиг хандлага ба хэтийн төлөв”, “Санхүү ба нягтлан бодох бүртгэлийн шинэ сорилтууд” гэсэн гурван салбар хуралдааны хүрээнд амжилттай зохион байгуулагдав. Энэхүү хурал нь Монгол Улсад худалдааны салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 100 жил, Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 112 жил, БНХАУ–Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнүүдийг нэгтгэн өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог байв.

  Олон улсын хуралд 10 гаруй орны олон улсын эрдэмтэн судлаачид, 100 гаруй дотоодын судлаачид хүрэлцэн ирж худалдаа, гааль, менежмент, маркетинг, санхүү бүртгэлийн шинэ чиг хандлага, сорилт, бэрхшээл, шинэ боломжийн асуудлаар судалгааны бүтээлүүдээ хэлэлцүүлж, ялангуяа Монголын бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, бизнест тулгамддаг бодит асуудлыг шийдвэрлэхийг эрэлхийлсэн зорилго бүхий судалгааны ажил, сайн туршлагыг танилцууллаа.

   Хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжин хамтран оролцсон МУИС-ийн Бизнесийн сургуулийн нийт судлаач эрдэмтэн багш нар, хамт олон, Гаалийн Ерөнхий Газар, “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи, Европын Холбооны Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл (EU funded-ITDM Project)-ийн багийнханд гүнээ талархал илэрхийлье.

  Та бүхний эрдмийн ажил үйлсэд өндөр амжилт хүсэж, нийт эрдэмтэн судлаачид, хамтран зохион байгуулагчдадаа дахин талархал дэвшүүлье.

МУИС-ийн Бизнесийн сургууль

Худалдаа, Маркетинг, Менежмент салбар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар