Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран Монгол оюутнуудад Австрали улсад дэлхийн түвшний хууль зүйн боловсрол эзэмших боломжийг олгох зорилгоор хоёр дипломтой хөтөлбөрийг эхлүүлэх гэрээ байгууллаа.
Тус гэрээнд Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Жианлин Чен, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа нар гарын үсэг зурав. Гэрээ үзэглэх ёслолд Австрали Улсын элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Эндрю Берримэн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Уянга, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Эрхэсхулан, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Улаанбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Хөтөлбөрийн хүрээнд жил бүр МУИС-ийн 3 дугаар түвшнийг төгссөн хоёр оюутан Мельбурны Их Сургуулийн магистрын хөтөлбөрт суралцах эрхтэй болох бөгөөд хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн оюутнууд нь МУИС болон Мельбурны Их Сургуулийн хоёр дипломтой төгсөх боломжтой. Дэлхийн шилдэг хуулийн сургуулиудын нэгт тооцогддог Мельбурны Их Сургууль нь дэлхийд 13-т эрэмбэлэгддэг бөгөөд орчин үеийн хууль зүйн хөтөлбөр болон олон төрлийн академик орчноороо алдартай билээ.