JICE-ийн /Japan International Cooperation Center/ Ази номхон далай болон Хойт Америкийн залуучууд солилцооны Кизуна төслийн “Анд нөхдийн барилдлага бэхжүүлэх” харилцааны хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 2-р сард МУИС-ийн байгалийн ухааны чиглэлээр суралцдаг 8 оюутан Зүүн Японы гамшигт нэрвэгдсэн бүс нутагт очиж, тус бүс нутгийн оюутан залуучуудтай харилцаа тогтоож, зарим их дээд сургуулиудаар зочлоод ирсэн билээ.
Энэ даваа гарагт Япон-Монголын хамтын ажиллагааны “Кизүна барилдлага” хөтөлбөрийн хүрээнд цунамид өртөн гамшигт нэрвэгдсэн Фүкүшима бүс нутгийн 30 оюутан монголд зочлон МУИС-ийн оюутан залуустай хамтран танилцах болон санал солилцох уулзалт, ярилцлага, соёлын танилцуулга хийж МУИС-д бүтэн өдрийн турш зочиллоо. Хөтөлбөрийн эхэнд МУИС-тай танилцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Дараа нь Япон оюутнууд маань ОУХС-д зочилж Япон хэл болон англи хэлний хичээлд сууж, монгол оюутнуудын хамт номын дуу сонссон юм. Түүнчлэн хоёр орны соёлыг танилцуулах бяцхан үйл ажиллагаа явагдсан нь Японы талаас оригами буюу цаасаар янз бүрийн дүрс хэрхэн хийхийг зааж өгсөн бол Монгол оюутнууд үндэсний хувцсаар гоён морин хуур тоглож, Үлэмжийн чанар дууг дуулан, гүн утга агуулгыг тайлбарлаж өгсөн нь япон оюутнуудад маш таалагдаж, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.
Хөтөлбөрийн хамгийн онцлох хэсэг нь “Их газар хөдлөлтийн дараах сэргээн босголт” сэдэвт санал солилцох уулзалт юм. Гол зорилго нь үе тэнгийн залуучуудад өөрсдөдөө тохиолдсон байгалийн гамшиг, түүнээс хойших сэргээн босголтын байдал, гамшгаас олж авсан сургамж зэргийн талаарх туршлагаа хуваалцах байсан бөгөөд тал бүрээс 1 цагийн илтгэл тавьж, сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Үе тэнгийн оюутнуудтай харилцаж өөр соёлын талаарх гүнзгий ойлголт авсан Япон Монголын барилдлагатай оюутнууд маань МУИС-ийн төв байрны өмнө дурсгалын зураг авахуулснаар энэхүү үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.