МУИС-ийн Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн докторант Э.Саруул 2024 оны 11 дүгээр сарын 14-20-ны хооронд АНУ-ын Сан Диего хотод зохион байгуулагдсан Америкийн элэгний өвчин судлалын нийгэмлэгийн жилийн уулзалт (AASLD-2024) конференцид “Successful development of loop mediated isothermal amplification assay (LAMP-PCR) for detection of HDV-RNA” сэдэвт өөрийн судалгааны ажлаараа оролцож, улмаар “Олон улсын залуу шилдэг судлаач-2024” номинацийн шагнал хүртлээ. Энэ жил 75 дахь жилдээ зохион байгуулагдаж буй AASLD-2024 конференцид дэлхийн 80 гаруй орны эмч, судлаачид оролцсон бөгөөд элэгний өвчин, түүний оношлогоо, эмчилгээний чиглэлээр хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудыг тайлагнаж, хэлэлцэв.
Э.Саруулын ажил нь дэлхийд төдийлөн сайн судлагдахгүй байгаа, монгол хүн амын дунд өргөн тархсан элэгний Д вирүсийн оношлогооны чиглэлд гарч буй цөөхөн ажлуудын нэг бөгөөд цаашид энэ талбарт олон улсын эрдэмтдийн анхаарлыг татах, дэлхийн түвшний судалгааны байгууллага, хамтлагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой юм. AASLD конференцийн түүхэнд Монголоос энэхүү номинацаар урьд өмнө шагнал авч байгаагүй бөгөөд Э.Саруул анхны залуу судлаач болсон нь цаашид МУИС болон нийт Монгол улсын залуу судлаачдын амжилтын замыг нээж буй сайхан үйл явдал боллоо.