Доктор Клайд Гоулден “Алтан гадас” одонгоор, доктор Жон Гельхаус “Хубилай хаан” медалиар тус тус шагнагдлаа

Share Button

АНУ-ын Дрекселийн Их Сургуулийн Байгалийн Шинжлэх Ухааны Академийн 200 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Дрекселийн их сургуулийн Байгалийн ШУА-ийн Ази төвийн эрхлэгч доктор Клайд Гоулден, тус Академийн шавьж судлалын салбарын эрхлэгч доктор Жон Гельхаус нарыг Монголын шинжлэx ухааныг xөгжүүлэx, судалгааны олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэx, залуу боловсон xүчин бэлтгэж гаргаx, эрдэм шинжилгээний бааз суурийг бий болгоxод оруулсан томооxон хувь нэмрийг нь үнэлэн доктор Клайд Гоулденг “Алтан гадас” одонгоор, доктор Жон Гельхаусыг “Хубилай хаан” медалиар тус тус шагнасныг 2013 оны 3-р сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын дарга З. Энхболд АНУ-ын Конгрессийн ордонд гардуулав.

untitledДоктор Клайд Гоулден анх 1994 онд Монголд ирж, Хөвсгөл нуурын судалгааны ажлыг эxлүүлснээс хойш хориод жилийн дотор хандивлагч орнуудын шинжлэx уxааны сангууд, Америкийн Үндэсний Шинжлэx Уxааны Сан (1994 оноос одоог хүртэл), Америкийн Олон Улсын Xөгжлийн Сан (1998-2001), Даян Дэлxийн Байгаль Орчны Сан (2002-2006), Нидерландын Засгийн Газрын дэмжлэг, Дойч Грант (2006), Америкийн Рокфеллерийн сан болон бусад олон эx үүсвэрүүдээр нийтдээ 10 гаруй сая ам долларын санxүүжилттэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна.

Доктор Жон Гельхаус 1996 онд анх Монголд ирж, доктор Гоулдений хамтаар урт хугацааны Монгол орны усны шавьжийн судалгааг эхлүүлсэн бөгөөд тэрээр Америкийн шавьж судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дэлхийд нэр хүнтэй эрдэмтэн юм. Тэрээр 2002-2006 онд Сэлэнгэ мөрний ай савын усны шавьжийн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаа “Монгол орны усны шавьжийн судалгаа” болгон өргөжүүлэн 2008-2012 онд баруун Монгол, зүүн бүс нутгийн томоохон голуудын ай савд усны шавьжийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд Монголоос шинжлэх ухаанд шинээр олон зүйлийн усны шавьжийг бүртгэсэн байна.

Доктор Клайд Гоулден, Жон Гельхаус нар Монгол улсын шинжлэх ухааны хөгжил дэвшил, орчин үеийн судалгаа шинжилгээний тоног төхөөрмжөөр тоноглогдсон лаборатори байгуулах, ялангуяа залуу эрдэмтэн судлаачдыг чадавхжуулах чиглэлээр бидэнтэй олон жил хамтран ажиллаж ирсэн “Монголч” эрдэмтэд юм.

Түүнчлэн АНУ-Монгол улс хоорондын хамтын ажиллагаа, Монгол улсын биологийн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмрийг нь үнэлэн доктор Клайд Гоулденг 2007 онд “Найрамдал медаль”-аар, доктор Жон Гельхаусыг 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнаж байсан юм.

 

МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар