Монголч эрдэмтэн Такаши Мацукавад “Хүндэт доктор” цол олгоно

Share Button

Отани их сургуулийн профессор Такаши Мацукавад МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгохоор боллоо. Профессор Такаши Мацукава нь монгол судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажилладаг эрдэмтэн бөгөөд Японы монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр монгол судлалтай холбоотой 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Мөн монгол хэл, түүх, археологи, шашин судлалын чиглэлээр МУИС-ийн багш, судлаачидтай хамтран бичээс судлал, монголын төрт улсын түүх, эзэнт гүрний үеийн археологи, Монголын бурханы шашин судлалын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.

Профессор Такаши Мацукава 1994 оноос өнөөг хүртэл Япон, Монголын судлаачидтай хамтран “Бичээс судлал” төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт үлдсэн эзэнт гүрний үеийн бичээс, туурийн судалгаа хийж иржээ. Мөн Отани их сургуулийн Шэн Буддизмын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа МУИС-тай хамтарсан “Монгол дахь бурхны шашны хожуу дэлгэрэлтийн үеийн сүм хийдийн археологи, түүх, шашны судалгаа” төслийг санаачлан 2013-2015, 2016-2018 онд хоёр үе шаттай амжилттай хэрэгжүүлсэн. Тэрээр энэ төслийн хүрээнд Япон, Монголын хамтарсан хээрийн судалгаа зохион байгуулж, МУИС-ийн багш нарыг Отани их сургуульд богино хугацаагаар ажиллах боломж бүрдүүлсэн юм. Эдүгээ МУИС болон Отани их сургууль хамтран “Монголын бурхны шашны түрүү дэлгэрэлтийн үеийн түүх, археологийн судалгаа” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Такаши Мацукавагийн монгол судлалын хөгжил, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан энэхүү хувь нэмрийг үнэлж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгохоор болжээ. Энэхүү “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 25-ны 11.30 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар