2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улсын оюутны хоёрдугаар Цөмийн физикийн олимпиадын шагнал гардуулах, хаалтын ёслол Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Төмөр Замын Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Их Сургуулиас нийт 63 оюутан бүртгүүлснээс 38 оюутан оролцож, цөмийн физикийн онолын мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвараа сорин өрсөлдсөн юм.
Шагнал гардуулах ёслолд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав, “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Корали Прин, Монгол Улсын гавьяат багш С.Даваа, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл оролцож, олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад баяр хүргэлээ.
Олимпиадын дүнгээр:
- Тэргүүн байр, алтан медаль: МУИС-ийн оюутан Баатархүүгийн Билэг
- Дэд байр, мөнгөн медаль: МУИС-ийн оюутан Даваадоржийн Нандинхүү
- Гутгаар байр, хүрэл медаль: ШУТИС-ийн оюутан Ганболдын Мягмарсүрэн
- Гутгаар байр: МУБИС-ийн оюутан Баяраагийн Амаржаргал
- Ардын багш, профессор Г.Хүүхэнхүүгийн нэрэмжит тусгай байрын шагнал: МУИС-ийн оюутан Пүрэв-Очирын Мөнхзолбоо нар тус тус шалгарлаа.


Мөн олимпиадад өндөр амжилт үзүүлсэн бусад 14 оюутанд шагналт байрын шагнал гардуулж, оролцогч оюутнуудад батламж олгон, тэдний хичээл зүтгэл, идэвх санаачилгыг үнэлэн урамшууллаа. Улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү олимпиад нь оюутнуудын цөмийн физикийн шинжлэх ухааны талаарх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх, их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Улсын оюутны хоёрдугаар Цөмийн физикийн олимпиадыг Монгол Улсын Их Сургууль, Цөмийн энергийн комисс, “Бадрах Энержи” ХХК, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Төмөр Замын Дээд Сургууль, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн болон Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд “Бадрах Энержи” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагууд, багш, судлаачид болон идэвхтэй оролцсон нийт оюутнуудад талархал илэрхийлж, шагналт байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэн, цаашдын сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!








