Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НШУС-ийн Сэтгүүлзүйн багш доктор, профессор Л.Норовсүрэн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Түүнийг шагналаа гардаж авах үеэр цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцсан юм.
Төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэе багшаа.
– За баярлалаа.
Та сэтгүүлзүйн салбартай анх яаж холбогдож байв?
Анх 1964 оноос тогтмол хэвлэлд мэдээ материал хэвлүүлж сэтгүүлзүйн салбарт идэвхитэн бичигч болж байлаа. Би бол хөдөө нутгийн эгэл жирийн малчны хүүхэд л дээ. Яагаад ч юм хар багаасаа юм бичих, туурвих мэдрэмж нь байсан юмуу, сонирхол нь байсан юмуу? Анх 15 настайдаа сонинд юм бичиж байж. Тэр маань өнөөдрийн төрийн шагнал авах хүртэл туулж ирсэн замын эхлэл байж дээ.
Тийм багаасаа яагаад сонинд юм бичье гэж бодсон юм бэ. Ойролцоогоор хэдий орчим мэдээ, нийтлэл бичиж хэвлүүлсэн бол ?
– 60-аад оны дунд үе гэдэг бол дурын хүн сонинд юм бичээд байдаггүй байсан. Хөгжил дэвшил, хүмүүний соёлын түвшин өнөөтэй харьцуулахад их тааруухан байлаа шүү дээ. Тэр үед хөдөө орон нутагт ажиллаж байгаад сум орныхоо ажил төрөлдөө амжилттай яваа хүмүүсийг сонин хэвлэлд бичиж алдаршуулах хүсэл төрөөд анх юм бичиж үзэж байлаа.Түүнээс хойш өдийг хүртэл 5000 орчим мэдээ материал, гэрэл зураг, найруулал, тэмдэглэл гээд бүхий л төрөл зүйлээр юм бичиж нийтлүүлжээ.
МУИС-д хэдэн жил ажиллаж байна вэ ? Сэтгүүлзүйгээр суралцаж буй оюутнуудыг таны бичсэн номгүйгээр төсөөлөх аргагүй.
Би МУИС-д ажиллаад 32 жил болж байна. 1982 онд МУИС-д ажилласнаасаа хойш сонин сэтгүүлд юм бичихээс илүү эрдэм шинжилгээний ажилдаа орсон. Энэ хугацаанд 44 ном бичиж хэвлүүлсэн байдаг юм. Энэ хөдөлмөрийг маань төр засаг өндөр үнэлж, хүндтэй шагналыг хүртээлээ гэж бодож байна. Бас хамт олон, сургуульдаа баярлаж байна. Манай тэнхимийнхэн бол их хөдөлмөрч, бүтээлч хамт олон. Энэ шагналд манай хамт олны хүч, нөлөө их шүү.
Сэтгүүлзүйн тэнхим маань 2 гавьяаттай боллоо.
Тийм ээ. Манай тэнхимийн эрхлэгч Зулькафиль гавьяат цолтон. Өнөөдөр би боллоо. Зургаа долоохон хүнтэй ч 2 гавьяаттай ховор тэнхим болж байна. Сэтгүүлзүйн тэнхим, Их сургуулийнхаа хамт олонд баярлаж буйгаа дахин илэрхийлье.
Ярилцсанд баярлалаа.