Эмгэнэл

Share Button

bagshБ.Чимид
/1934-2013/

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, нэрт сурган хүмүүжүүлэгч,  Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш,  Гавьяат хуульч Бяраагийн Чимид 2013 оны 3-р сарын 22-ны өдөр өвчний учир таалал төгсч Монголын хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт хүнд гарз хохирол учирсанд МУИС-ийн захиргаа, Хууль зүйн сургуулийн нийт багш, профессор, ажилтан, оюутан, түүний олон мянган шавь нар бид гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Б.Чимид багш 1934 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Зөөлөн гэдэг газар мэндэлжээ. Тэрээр бага, дунд сургууль, МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны доктор, манай улсын хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэгч эрдэмтний нэг байлаа.

Бяраагийн Чимид 1947-1953 онд Багийн бичиг үсгийн багш, 1953-1956 онд Хилийн ба дотоодын цэргийн тусгай хороонд бага дарга, 1956-1957 онд Хөвсгөл аймгийн Идэр сумын 15-р багийн дарга, 1957-1962 онд Хөвсгөл аймгийн намын хороонд зааварлагч, 1966-1978 онд МУИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, 1978-1982 онд БНМАУ-ын Шүүх яамны сайд, 1982-1986 онд Дээд шүүхийн дарга, 1986-1990 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга, 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Бага хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 1996-2003 онд Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Б.Чимид нь сүүлийн жилүүдэд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, ШУА-ын Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн зөвлөх профессор зэрэг ажлыг хийж ирсэн билээ.

Багш маань хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 40 гаруй жилээ зориулж, олон зуун шавь төрүүлсний дотор гавьяат хуульч 11, академич 2, хууль зүйн ухааны доктор, магистр 200 гаруй байна. Тэрбээр нийт 200 шахам сургалт, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Түүний ардчилсан, шинэ Үндсэн хуулийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй бөгөөд Монголын төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, Үндсэн хуульт ёсны эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход хичээнгүйлэн зүтгэсэн улс төрийн хийгээд төрийн зүтгэлтэн байлаа.

Б.Чимид багшийн нөр их хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч цолыг тус тус хүртээсэн билээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид багшийн маань уйгагүй хөдөлмөрч чанар, чин шударга, үнэнч сайхан сэтгэл, шавь нарынхаа төлөө үргэлж санаа зовж тусалж дэмжиж байдаг нандин чанар, гүн бат мэдлэг, даруу төлөв зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Та бурхны орондоо амар амгалан нойрсоорой

 

МУИС-ийн Захиргаа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар