МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк нь МУИС-ийн Захирлын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/321 тоот тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж, инновац, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус байгууллага нь технологи дамжуулах төвийг хөгжүүлэх, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүдийг ажиллуулах, лаборатори, судалгааны төвүүдийг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийн түшиц бааз бий болгох, инновацын нээлттэй орон зайг бүрдүүлэх зэрэг инновацын экосистемийг бүрдүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Сургалт, үйлдвэрлэлийн түшиц бааз бий болгох ажлын хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран интерактив арга зүйт мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрийг боловсруулж, дотоодын багш, судлаачдын оюуны өмчийг бизнес төсөл болгон хөгжүүлэх эхний дадлага ажлыг зохион байгуулан, хэрэгжүүлж ажилласан. Энэхүү бизнес төслийн үр дүнг хэлэлцэх, хүлээлгэн өгөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Бизнесийн сургуулийн Менежмент хөтөлбөрийн суралцагч оюутнуудын гүйцэтгэсэн мэргэжих дадлагын судалгааны ажлын тайлан буюу бизнес төслийн танилцуулга хийгдэж, судалгааны үр дүн, инноваци, стартап төслүүдэд хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцэн мэргэжих дадлага ажлын үр дүн болох “Сүүн хүчлийн бактеритай ам зайлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх ” бизнес төслийг ШУС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Оюундэлгэрт хүлээлгэн өгсөн нь арга хэмжээний голлох үйл явдлуудын нэг байв.
Тус уулзалтад Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор З.Алтанчимэг, ШУС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Оюундэлгэр, ШУТУБП-ийн Технологи дамжуулах төвийн эрхлэгч доктор, профессор Ш.Наранмандах, ШУТУБП-ийн сургалтын мэргэжилтнүүд болох доктор, дэд профессор Д.Хонгорзул, Ц.Батчимэг болон дадлага ажил гүйцэтгэсэн оюутнууд оролцож, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, инноваци, стартап хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар цаашдын төлөвлөгөөг боловсруулсан нь уулзалтын чухал үр дүн байлаа.
Энэхүү уулзалт нь оюутнуудыг интерактив арга зүйгээр зохион байгуулсан мэргэжих дадлага ажлыг бодит бизнес төсөл болгон хөгжүүлэхээс гадна багш, судлаачдын судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, инновацын шинэ санаачилгыг хэрэгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар судалгааны их сургуулийн олон улсын эрэмбэд чухал хэмжигдэхүйц нөлөө бүхий үйл ажиллагааны эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон юм.