Киотогийн их сургуулийн Судалгаа хариуцсан дэд захирал, профессор Фүюки Ишикава тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуульд (МУИС) айлчилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. МУИС-ийн зүгээс зочдыг Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, профессор Б.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр сургуулийн тэнхим, нэгжүүдийн түвшинд хэрэгжиж буй хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр өргөжүүлэх, оюутан солилцоо болон богино хугацааны оюутны судалгааны дадлага хэрэгжүүлэх, мөн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд монгол оюутнуудыг хамруулах зэрэг бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Энэ үеэр Киотогийн их сургуулийн Төлөвлөлтийн албаны дарга Др. Тайки Кондо тус сургуулийн KU-STAR (Kyoto University Short-Term Academic Research Program) хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. KU-STAR нь олон улсын шилдэг оюутнуудад Киотогийн их сургуулийн судалгааны орчин, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, профессор, судлаачдын удирдлага дор богино хугацаанд судалгааны ажил хийх боломж олгодог хөтөлбөр юм. Түүнчлэн оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэх, олон улсын академик орчинд туршлага хуримтлуулахын зэрэгцээ цаашид Киотогийн их сургуулийн магистр, докторын түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдах боломжийг судлахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мөн Др. Тайки Кондо KU-STAR-ийн Узбекистан болон Монголд чиглэсэн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, Монгол болон Узбекистаны шилдэг оюутнуудыг богино хугацааны судалгааны хөтөлбөрт хамруулах нь залуу судлаачдын олон улсын академик туршлагыг нэмэгдүүлэх, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад Киотогийн их сургууль болон Монгол, Узбекистаны их, дээд сургуулиудын хоорондын боловсрол, судалгааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд олон улсын өндөр түвшний судалгааны орчинд ажиллаж, судалгааны сонирхол, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ цаашдын магистр, докторын сургалт болон судалгааны хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх нөхцөл бүрдэх юм.
KU-STAR хөтөлбөр нь олон улсын авьяаслаг оюутнуудыг Киотогийн их сургуулийн төгсөлтийн дараах сургалт, судалгааны орчинтой эртнээс танилцуулах, цаашдын академик хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжиж байна. 2026 онд Энэтхэгийн 351 өргөдөл гаргагчаас 21 оюутан сонгогдон хөтөлбөрт хамрагдсан бол Австралийн хөтөлбөрт 48 өргөдөл гаргагчаас 10 оюутан сонгогдож, Киотогийн их сургуулийн төрөл бүрийн лабораторид судалгааны ажил гүйцэтгэсэн байна.
Киотогийн их сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элсэлтийн зөвлөх Хироко Кога, Судалгааг дэмжих албаны ажилтан Акико Косуга, Томоя Ёкое нар оролцлоо.
МУИС-ийн талаас ИТС-ийн захирал, профессор Ч.Сономдагва, ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал, дэд профессор Г.Мөнхбаяр, Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, ИТС-ийн ХБИТ-ийн профессор Б.Даваапүрэв нар оролцов.

Киотогийн их сургуулийн тухай: Киотогийн их сургууль (Kyoto University) нь 1897 онд байгуулагдсан, Япон улсын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг бөгөөд дэлхийн хэмжээнд нэр хүндтэй академик, шинжлэх ухааны байгууллага юм. Тус сургууль нь байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженерчлэл, анагаах ухаан зэрэг өргөн хүрээний салбарт сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж, шинэ мэдлэг бүтээх, инновацыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний эрх чөлөө, бие даасан сэтгэлгээг эрхэмлэн ажилладаг.
Киотогийн их сургууль нь дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд 2026 оны Times Higher Education (THE) World University Rankings-д 61 дүгээр байр, QS World University Rankings-д 64 дүгээр байр тус тус эзэлсэн байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

