МУИС-ийн Франц-роман судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Г. Буяннэмэх БНФУ-ын Засгийн газрын Палм Академик (Palmes académiques) одонгоор шагнуулсаныг Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ив Дөлоне гардууллаа.
Уг шагналыг Наролеон Бонапарт 1808 онд санаачилан Их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, багш, сурган хүмүүжүүлэгчид олгож байжээ. 1955 оноос морьтон, офицер, захирагч гэсэн гурван зэрэглэлтэй болгожээ. Зөвлөх профессор Г. Буяннэмэхэд тэргүүн “захирагч” зэргийн одонг хүртээсэн нь Монгол-Франц улсын олон талт хамтын ажиллагаа өргөжин хөгжих, нэн ялангуяа боловсрол, шинжлэх ухааны салбар, франц судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн явдал юм.
Мөн Монгол улсад франц хэлтэн мэргэжилтэн бэлтгэсний 50 жилийн ойн үеэр уг шагналыг гардан авснаараа түүхэн, онцлогтой үйл явдал боллоо.
Профессор Г. Буяннэмэх 1973 оноос МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багшаар ажлын гараагаа эхэлсэн. Монгол улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэх, гадаад хэл заах онол аргазүй, хэлшинжлэлийн магистр, докторын сургалтаар судлаач, эрдэмтэн бэлтгэх, гадаад хэлний сургалтын технологийг шинэчлэх үйлсэд хүчин зүтгэж олон зуун шавь төрүүлсэн гавьяатай нэгэн билээ.
Тэрбээр Монгол улсад “Франц судлал”-ыг хөгжүүлэх, орчин цагийн халхын аман аялгууны авиалбарыг туршилт авиазүйн аргаар судлах ажлыг үргэлжлүүлэн залуу судлаачдыг бэлтгэж буй. Монгол судлалын нэрт эрдэмтдийн бүтээлийг францаас монголчилон эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулахын зэрэгцээ монгол зохиолчдын бүтээлийг франц хэлээр орчуулан монгол хэл соёлыг түгээж буй эрдэмтэн юмаа.
1999 онд “Франц хэлний авиазүйг монгол хүнд заах аргын асуудал” сэдвээр СХУ-ны докторын (Ph.D) зэрэг горилсон. “Франц хэлний сурах бичиг” (1985), Франц хэлзүй, тэргүүн дэвтэр (1997, 2001, 2006), Франц хэлзүй, дэд дэвтэр (2001, 2008), Франц хэлний авиазүй (2010) зэрэг сурах бичиг, гарын авлага 5, толь бичиг 1, эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна.
Монгол улсад Франц хэлний монгол багш нарын холбоог байгуулан олон улсын франц хэлний багш нарын холбоонд (FIPF) гишүүнээр элсүүлж, Ази номхон далайн бүсийн комисст орж олон улсын бүсийн үйл ажиллагаанд франц хэлний монгол багш нарыг тогтмол оролцуулж буй билээ. Франц хэлний монгол багш нарын холбооны “APMLF” сонин, “Франц судлал” сэтгүүлийг үндэслэн, улсын хэмжээнд жил тутам зохиогддог Франц цээж бичиг, дууны уралдааныг тогтмол зохион байгуулж франц хэл соёлыг түгээж буй.
Үе үеийн франц хэлт монгол мэргэжилтэн бэлтгэж буй эрдмийн цагаан үйлст амжилт хүсэн, мянга мянган шавь, сургуулийн хамт олон, тэнхимийн нэрийн өмнөөс аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!