Ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр 68 байгууллагын 2000 гаруй ажлын байр зарлагдлаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас хөдөлмөрийн зах зээлд хөл тавихаар зэхэж буй төгсөх ангийн оюутнууддаа зориулан ажлын байранд бэлтгэх, шаардлагатай ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, цагийн болон байнгын ажлын байранд зуучлах зорилгоор ажлын байрны нээлттэй өдөрлөг “JOB FAIR”-ыг хаврын улиралд тогтмол зохион байгуулдаг билээ.

JOB FAIR-2025 өдөрлөгийг 2025 оны 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд МУИС-ийн Франкофон хамтын ажиллагааны төв, Зориг сан, “Зангиа портал” ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд:

  • “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх нь” сургалт
  • Ажлын байранд шаардлагатай ур чадварын зөвлөгөө
  • 68 байгууллагын нээлттэй ажлын байрны үзэсгэлэн
  • Ажил олгогч ба их, дээд сургуулиудын түншлэл хэлэлцүүлэг зохион байгуулсан нь онцлог байлаа.

Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх нь сургалтыг Номын сангийн 302 тоот танхимд зохион байгуулж “CV бичих, ажлын ярилцлагад бэлтгэх нь” сэдвээр Алтернатив Консалтинг ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Батжаргал, “Карьер хөгжил” сэдвээр Витафит Милк ХХК-ий үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Цэнгэл нар сонирхолтой лекц уншиж, 100 гаруй оюутан хамрагдсан байна.

Өдөрлөгийн үеэр NUM Career клубийн гишүүдээс CV-ээ засуулах болон шинээр CV бичих, ажлын ярилцлагад бэлтгэх зөвлөгөө авч, ярилцлага хийх практик дадлага хийн, Монголын топ ажил олгогч байгууллагуудын HR мэргэжилтнүүдтэй уулзаж ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч сонирхсон ажлын байрандаа бүртгүүлэн ярилцлагад уригдах эхний алхмаа хийсэн бөгөөд 68 байгууллагын 2000 гаруй ажлын байр зарлагдсан байна.

Өдөрлөгийн 2 дахь өдөр “Ажил олгогч ба их, дээд сургуулийн түншлэл: Төгсөгчдийг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр HR consulting firm  үүсгэн байгуулагч Ш.Баярмагнай ажиллаж, урилгаар МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар, Боловсролын яамны Дээд боловсролын газрын ахлах мэргэжилтэн Э.Чойсүрэн, Макс группийн худалдаа аялал жуулчлалын кластр байгууллагын хөгжлийн ахлах менежер С.Эрдэнэтунгалаг, Капитрон банкны хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун, Teach for Mongolia НҮТББ-ийн захирал Г.Гантүшиг нар оролцож дээд боловсролын байгууллага, ажил олгогч хоёрын хамтын ажиллагааны түвшин, үр дүнтэй хамтын ажиллагааны хэлбэрүүд, их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг ажлын байрны шаардлагад нийцүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд, төгсөгчдийн ур чадвар ажил олгогчдын хүлээлттэй нийцэж буй эсэх болон дутагдаж буй ур чадвар, ажлын байранд шаардлагатай дадлага, туршлагыг хэрхэн олгож байгаа, цаашид хэрхэн үр дүнтэй болгох, хэрхэн хамтран ажиллаж болох боломжуудын талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт ажил олгогч байгууллагын хүний нөөцийн 40 гаруй төлөөлөл зочноор оролцсон байна.

Хэлэлцүүлгийн дараа МУИС-ийн суралцагчдыг ажлын байранд зуучлах платформ болох https://career.num.edu.mn/ цахим хуудсыг танилцуулав.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар