Босни Херцоговин Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синиша Бериан гэргийн хамт МУИС-д зочилж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэрээр хүлээн авч уулзаж буйд нь МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуягт талархлаа илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Ноён элчин сайд Босни Херцоговины Зүүн Сараевын их сургууль болон Баня Лука их сургуулиуд МУИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналаа ирүүлсэн талаар дурдлаа. Тэрээр их дээд сургуулиудад хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн чиглэлээр багшилж Европын Холбооны санхүүжилттэй төслүүүдэд ажиллаж байсан туршлагатай гэдгээ дурдаад боловсролын салбарын түшлэлд онцгой анхаарал хандуулахаа хэлэв.
Ректор, профессор Б.Очирхуяг Босни Херцоговин Улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах саналыг таатайгаар хүлээн авч буйгаа илэрхийллээ.
Эрхэмсэг ноён элчин сайд МУИС болон өөрийн орны их, дээд сургуулиудын дунд оюутан, багш солилцоо, үндсэн хуулийн асуудлаар оюутны цахим мэтгэлцээн зохион байгуулах, Европын Холбооны санхүүжилттэй төслүүдэд хамтран ажиллах зэрэг олон боломжууд буйг онцлон дурдсан юм.
Уулзалтын талууд МУИС болон нэр дурдсан их сургуулиудын гадаад харилцааны алба хооронд хамтын ажиллагааны санал солилцон тодорхой саналуудыг гэрээний төслүүдэд тусган хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулан ажиллахаа илэрхийллээ.
Босни Херцоговин Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синиша Бериан 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР