Нийгмийн хариуцлагаа эрхэмлэгч М-Си-Эс Группын боловсролын салбарт хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрийн нэг болох Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн арав дахь удаагийн шалгаруулалт амжилттай болж, шилдэг 30 оюутан тэтгэлэг, 3 оюутан ажлын байрны санал гардаж авлаа.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг хөтөлбөрийн хамрах хүрээ жилээс жилд тэлж, тэтгэлэг хүсэгч оюутнуудын чадвар, сурлагын амжилт, мэргэжлийн төрөл, чиглэл, өрсөлдөөн нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, гурван үе шаттай явагддаг энэхүү хөтөлбөрт 20 орчим их, дээд сургуулийн 600 гаруй оюутан эрдэм мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хөтөлбөрийн эхний шат болох асуудал шийдвэрлэх тестийн шалгалтанд нийт 300 гаруй оюутан тэнцсэн бөгөөд онооны жагсаалтаар тэднээс эхний 210 нь хоёрдугаар шатандаа шалгарч үлдсэн юм.
Оролцогчийн харилцах, шинэ санаа санаачлага гаргах ур чадвар, багийн хамтын ажиллагааг эзэмшсэн байдал зэргийг дүгнэдэг хоёрдугаар шатнаас нийт 98 оюутан тунаж үлдэн эцсийн буюу ярилцлаганд орох шалгаруулалтанд оролцсон юм. Ийнхүү сурлагын амжилт, ур чадвараараа гурван үе шатыг давж, бусдыгаа манлайлсан МУИС, ШУТИС, СЭЗДС, ХААИС, Мандах бүртгэл дээд сургуулийн 30 оюутан 2013-2014 оны хичээлийн жилд нийт нэг сая төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй болсны 15 нь МУИС-ийн оюутан байна. Мөн төгсөх курсын 3 оюутан М-Си-Эс Группэд ажиллах урилга гардан авсны 2 нь МУИС-ийн оюутнууд байлаа.