Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан залуусын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор их, дээд сургуулиудын оюутан залуус, мэргэшсэн инженерүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад”, “Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн” МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль дээр амжилттай болж 5 дугаар сарын 03-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
Тус олимпиад болон тэмцээнийг анх МУИС-ийн компьютерын сүлжээ хөтөлбөрийн багш, ажилчид санаачлан эхлүүлсэн бөгөөд өдгөө 13 дахь олимпиад, 7 дахь тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Олимпиадыг нээж МУИС-ийн МТЭС-ийн захирал доктор, профессор Б.Ганбат үг хэлэв. Энэ жилийн олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгч “АЙ ТИ ЗОН” ХХК, Хамтран зохион байгуулагч “Эс системс” ХХК, Э.Улсболд ахлагчтай бодлого зохиох баг ажилласан бөгөөд олимпиадын даалгавар нь шийдэл боловсруулах, алдаа олж засварлах гэсэн үндсэн хоёр бүлэгтэй байв. Салбарын тэргүүлэх инженерүүдээс бүрдсэн баг бодит кэйст тулгуурлан боловсруулж “Эс системс” ХХК-ийн дата төвд байршуулан найдвартай байдал, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Компьютерын сүлжээний улсын XIII олимпиадын дүн:
- Нэгдүгээр байрт МУИС-ийн оюутан Б.Лхамжав шалгарч өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгчийн шагнал 1,500,000.00₮,
- Хоёрдугаар байрт МУИС-ийн оюутан Г.Сугарсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, ивээн тэтгэгчийн шагнал 1,000,000.00₮,
- Гуравдугаар байрт МУИС-ийн оюутан Э.Цэнгүүн шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, ивээн тэтгэгчийн шагнал 500,000.00₮,
- Дөрөвдүгээр байрт МУИС-ийн оюутан П.Тэмүүжин шалгарч өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал 250,000.00₮
- Тавдугаар байрт ШУТИС-ийн оюутан Э.Бумбаяр нар шалгарч өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал 250,000.00₮ тус тус хүртлээ.
Олимпиадын 6-аас 10-дугаар байрт МУИС-ийн оюутан У.Анхбаяр, ҮБХИС-ийн оюутан О.Эрдэнэтуяа, ШУТИС-ийн оюутан Б.Нямдорж, ҮБХИС-ийн оюутан С.Батсайхан, ШУТИС-ийн оюутан М.Халиун нар тус тус шалгарлаа.
Компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын тэмцээний төрөлд:
- Нэгдүгээр байрт “Эс системс” ХХК-ийн инженер Г.Билгүүнбилэг шалгарч өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгчийн шагнал 1,500,000.00₮,
- Хоёрдугаар байрт “Инфо Сек Плас” ХХК-ийн инженер Ц.Ганболд шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, ивээн тэтгэгчийн шагнал 1,000,000.00₮,
- Гуравдугаар байрт “Эс системс” ХХК-ийн инженер Э.Эрдэнэдалай шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, ивээн тэтгэгчийн шагнал 600,000.00₮ тус тус хүртлээ.
Олимпиадын үеэр “Ай Ти Зон ХХК”-ийн ахлах инженер С.Шинэбаяр “The beginning” сэдвээр, “Эс системс ХХК”-ийн менежер Д.Алтаншагай “Engineer mind” сэдвээр, “Эс системс ХХК”-ийн менежер Ж.Алтай “Road to CCIE” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлж MNNOG-ийн зүгээс оюутны олимпиадын Нэгдүгээр байр, инженерийн тэмцээний Нэгдүгээр байрт шалгарсан оролцогчдод MNNoG 7-д оролцох эрхийн бичиг гардуулав.
Ерөнхий ивээн тэтгэгч “АЙ ТИ ЗОН” ХХК, Хамтран зохион байгуулагч “Эс системс” ХХК, Э.Улсболд ахлагчтай бодлого зохиох багийн хамт олонд Монгол улсад Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж зохион байгуулагчийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Олимпиад, тэмцээндээ амжилттай оролцсон оюутан залуус, инженерүүддээ баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.