МУИС болон “Хуавей технологи” компани хооронд мэдээлэл харилцааны технологийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааны санамж бичигт МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг болон “Хуавей технологи” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Xiewupeng нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд МУИС-ийг түшиглэн Huawei ICT Академи байгуулах, Huawei HCIA сертификат олгох сургалт явуулах, хамтарсан зуны сургалт зохион байгуулах, ICT чиглэлийн уралдаан, тэмцээн явуулах болон МУИС-д сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Хоёр талын төлөөлөгчид санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр санамж бичгийн хүрээнд болон дэлхийн тэргүүлэх чиглэл болох хиймэл оюун ухааны салбарт хамтрах, нарны эрчим хүч, digital power болон cloud систем зэрэг хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг нээн ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Мөн багш нар Huawei ICT Академид сургагч багшаар дадлагажихаас гадна МУИС-ийн оюутнууд шинэ технологи, тоног төхөөрөмж дээр дадлага хийж мэдлэг хуримтлуулах сайхан боломж бий болох талаар талууд санал нэгдлээ.
Уулзалтад МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, ИТС-ийн захирал, профессор Ч.Сономдагва, МТЭС-ийн захирал, профессор Б.Ганбат, ХАГ-ын дарга Ш.Мэндбаяр болон ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Баясгалан нар болон Хуавей технологи компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Xiewupeng болон тус компанийн мэргэжилтэн Б.Сайхансувд нар оролцлоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР