МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвд “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” оюутны төгөл байгууллаа

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус тус хөтөлбөрийн нэрэмжит төгөлд анхны 250 модыг суулгалаа.

Монгол Улсын Их Сургуулиас санаачлан “Оюутны төгөл”-ийг үүсгэж байгаа бөгөөд МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвийг түшиглэн тус төглийн анхны модыг “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй залуус тарьлаа.

Оюутны төглийн анхны модыг тарих үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар болон бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал, МУИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш нар, оюутнууд оролцсон юм.

Оюутны төгөл байгуулах үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнээ хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж одоо 4 дэх ээлжийн залуус маань явах гэж байгаа бөгөөд 1000 орчим оюутан дэлхийн 20 гаран оронд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцаж байна. Та бүхэн Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаад улсад мэргэшээд эх орондоо ирэхэд чинь тарьсан мод сайхан ургасан байх болно. Энэхүү төглийг Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын орчимд үүсгэж буй нь ч бэлэгшээлтэй” гээд оюутан залууст эрдмийн амжилт хүслээ.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг оюутны төгөлд жил бүр олон мод нэмэгдэж, оюутнууд эргэн ирдэг, дурсамжаа хуваалцдаг сайхан газар нэмэгдэж буйг тэмдэглээд “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд, тэднийг бэлтгэж буй МУИС-ийн багш нарт талархал илэрхийлж амжилт хүсэв.

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад мөн баяр хүргэж “Та бүхний тарьсан модыг манай сургуулийн ойн мэргэжлийн хамт олон арчилгаа, хамгаалалт хийж тордох болно, энэхүү “Оюутны төгөл”-дөө хэзээ ч ирж модоо усалж, арчилж тордоход нээлттэй” хэмээн онцоллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар