“Солонгосын хойг ба Умард” соёл, стратегийн тавдугаар форум МУИС-д амжилттай боллоо

Share Button

БНСУ-ын Хангүк олон улс судлалын их сургуулийн Стратеги судалгааны төслийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Солонгосын хойг ба Умард” соёл, стратегийн форумын тавдугаар удаагийн чуулган 2025 оны 8-р сарын 4–5-ны өдрүүдэд МУИС-ийн Төв байрны “Эрдмийн танхим”-д “Монгол Улсад хамтдаа алхъя 2025” (Walking Together in Mongolia 2025) уриан дор, “Шинэ эрин үетэй тулгарах нь: Трамп 2.0 эрин дэх агуу хүчний өрсөлдөөн дунд үндэстэн дамнасан эв нэгдлийг эрэлхийлэх нь” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Эрдэм шинжилгээний тус форумыг Монголын талаас МУИС болон ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж, бүс нутгийн геополитик, энх тайван ба хөгжил, мөн хоёр орны харилцааны өнөөгийн чиг хандлагыг академик түвшинд хэлэлцэв. Форумын хөтөлбөр “Үндэстэн дамнасан хамтын ажиллагаагаар эв нэгдлийг бий болгох нь”, “Эрчим хүч, Энх тайвныг бүрэлдүүлэх нь ба Тогтвортой хөгжил”, “Монгол–Солонгосын харилцаа 35 жил” зэрэг сэдвүүдээр явагдсан дөрвөн салбар хуралдааныг багтав.

Хуралдаанд Монгол, БНСУ, АНУ, Япон, Казахстан, Итали зэрэг улсаас 15 эрдэмтэн, судлаач илтгэлээ танилцуулж, мөн ижил тооны судлаач панелистаар оролцож, бүс нутгийн аюулгүй байдал, стратегийн өрсөлдөөн, эрчим хүчний шилжилт ба хамтын ажиллагааны институцчлал зэрэг асуудлыг шүүн хэлэлцлээ.

Үйл ажиллагааг нээж МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар нээлтийн үг хэлэв.

Форумын хоёр дахь өдөр Хангүк олон улс судлалын их сургуулийн харьяа Олон улсын бүс нутаг судлалын төв, HK+ Үндэсний стратеги судлалын төслийн агентлаг болон МУИС хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо.

Гэрээнд МУИС-ийн талаас ШУТУБП-ын захирал, профессор О.Мөнхбат, БНСУ-ын талаас тус агентлагийн дарга, профессор Кан Жүн Ён нар төлөөлөн гарын үсэг зурсан бөгөөд санамж бичгийн хүрээнд багш, оюутны судалгааны солилцоо, зочин судлаач харилцан солилцох, хамтарсан семинар, судалгаа, сургалт зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцов.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар