МУИС-ийн Химийн тэнхимээс 2026-2027 оны хичээлийн жилийн хүрээнд багш, ажилтан, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт өдөрлөг-2026” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн спорт өдөрлөг нь волейбол, шатар, ширээний теннис, буухиа тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, Химийн тэнхимийн бүх түвшинд суралцаж буй нийт 150 гаруй оюутан, 20 багш, ажилтан оролцлоо.
Тэмцээний үеэр оролцогчид спортын төрлүүдээр ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөхийн зэрэгцээ багаар ажиллах, харилцан дэмжих, шударга өрсөлдөөний зарчмыг эрхэмлэн оролцсон юм.

“Спорт өдөрлөг-2026” нь Химийн тэнхимийн оюутан, багш, ажилтнуудын идэвхтэй оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг дэмжихийн зэрэгцээ спортын эерэг орчныг бүрдүүлсэн онцлог арга хэмжээ боллоо.
Химийн тэнхимийн зүгээс өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, оюутнууддаа талархал илэрхийлж, тэмцээнд амжилт гаргасан баг, тамирчдадаа баяр хүргэе.

