Япон Улсын Китами технологийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Share Button

Япон Улсын Китами технологийн их сургуулийн захирал, профессор Тошио Эисака төлөөлөгчдийн хамт МУИС-д айлчилж, МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын үеэр Китами технологийн их сургуулийн төлөөлөгчид сургуулийнхаа талаар товч танилцуулгыг хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ректор Б.Очирхуяг анх удаа МУИС-д зочлон ирж буйд талархал илэрхийлээд, эрдэм шинжилгээ, судалгаа, багш солилцоо, сургалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар саналаа илэрхийлэв.

 

Уулзалтад Японы Китами технологийн их сургуулийн захирал, профессор Тошио Эисака, гадаад харилцааны төвийн багш Мамору Сүзүки, гадаад харилцааны төвийн ахлах менежер Чиэми Такэүчи, МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн багш, доктор Т.Сувдмаа нар оролцлоо.

МУИС нь Японы Китами технологийн их сургуультай 2025 оны 2-р сард хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд 9 дүгээр сарын 15-нд ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн багш нартай хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, хоёр сургуулийн хоорондын богино хугацааны оюутан солилцооны ажлыг эхлүүлж, Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн 3 оюутныг (бакалавр-2, магистр-1) Китами технологийн их сургуульд 6 сарын хугацаагаар суралцуулахаар явуулаад байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар