Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд “Гарааны компанийн менежмент” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Стартап Маркетинг Спасе компанийн үүсгэн байгуулагч Т.Мөнхбаяр удирдан явуулсан ба сургалтын зорилго нь багш, оюутны гарааны бизнесийн санааг хөгжүүлэх, инновацын менежментийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гарааны компанийн хөгжлийн үе шат, менежментийн онцлогийг ойлгуулахад чиглэсэн юм.
Сургалтын хүрээнд дараах сэдвүүдийг хамруулан үзэж, илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:
- Компанийн хөгжлийн үе шат
- Бизнесийг юу удирддаг вэ?
- Инновацын менежментэд нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн нөлөө
- Инновацын гол шалгуур
- Инновацын экосистемийн үндсэн оролцогч талууд
- Инновацын менежментийн хамгийн чухал зүйл юу вэ?
Хэлэлцүүлгийн үеэр “Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрт оролцогчид өөрсдийн багийн төслийн үйл ажиллагаанд гарааны компанийн хөгжлийн стратеги, бизнесийн удирдлагын шийдэл, инновацын хэрэглээг хэрхэн хэрэглэх талаар хэлэлцэж, туршлага солилцлоо. Энэхүү сургалт нь NUM Startup 3.0 хөтөлбөрийн дараагийн шат болох бизнесийн загвар боловсруулах, хөрөнгө оруулалтын бэлтгэл хангах үйл ажиллагаанд чухал суурь болсон бөгөөд оролцогчдын бүтээлч сэтгэлгээ, инновацын мэдлэгийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэв.
МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк нь цаашид багш, оюутны инновац, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх зорилгоор сургалт, менторшип, хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
75754400 – 5310