ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДӨР-2025-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ
«ФИЛОСОФИ, ИНСТИТУТ, НИЙГЭМ: ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭГ ЭРХЭМЛЭХҮЙ»
СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
ХУРЛЫН ЗОРИЛГО: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүр 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн Дэлхийн философийн өдөр болон Монгол Улсын Их Сургуульд Философийн салбар байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Философи шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философийн салбарын төгсөгчдийн холбоо хамтран “Философи, институт, нийгэм: Шүүмжлэлт сэтгэлгээг эрхэмлэхүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Өнөөгийн ертөнц бидэнд байнга суралцах, гаргасан шийдвэрээ дахин нухацтай бодож үзэх, ажил амьдралынхаа хэв маяг, үнэт зүйлээ тасралтгүй эргэцүүлэн үнэлэх шаардлагыг тавьж байна. Ялангуяа хиймэл оюун ухаан, цахим хэрэглээний эрин үед шүүмжлэлт, нухацтай сэтгэлгээг эрхэмлэх нь улам бүр чухал болжээ. Түүнчлэн боловсрол, тэр дундаа дээд боловсролын үүрэг, хариуцлага, статусын асуудлыг хөндсөн эргэцүүлэл, судалгаа, яриа хэлэлцүүлэг ч ихээр өрнөх болов. Их сургууль, институт нь зөвхөн мэдлэг бүтээх, олгох төдийгүй бие даан сэтгэх, асуух, үндэслэл гаргах, дүгнэх чадвартай, нийгмийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх үүрэгтэй билээ. Энэ хүрээнд философийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, нөлөөллийн талаар салбар дундын шинжтэй, бүтээлч, шүүмжлэлт хэлэлцүүлэг өрнөх бололцоог харгалзан “Философи ба нийгмийн өөрчлөлт”, “Хүмүүнлэгийн боловсрол ба эрхэм чанар”, “Олон ургалч үзэл ба рационал дискурс” гэсэн дэд сэдвүүдийг санал болгож байна.
Энэхүү хурал нь боловсрол, нийгэм, улс төр, шүүмжлэлт сэтгэлгээнд хамааралтай философи асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох онол арга зүйн шинэ чиг хандлага, тулгарч буй сорилт, дэвшүүлж буй үндэслэлийн талаар хэлэлцэх, мэдлэг туршлага солилцох зорилготой юм.
Эрдэмтэн судлаач, багш та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд сүүлийн үеийн судалгаа, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.
ХУРЛЫН ДЭД СЭДВҮҮД:
Философи ба нийгмийн өөрчлөлт:
- Монголын философийн 60 жилийн замнал: түүх, өнөө, ирээдүй
- Их сургууль, академик эрх чөлөө ба нийгмийн хариуцлага
- Байгаль орчин, тогтвортой хөгжил ба философи
- Үндэсний болон дэлхийн иргэн гэж хэн бэ?
Хүмүүнлэгийн боловсрол ба эрхэм чанар(virtue):
- Либерал арт боловсрол ба эрхэм чанар
- Эрхэм чанарын ёс зүй ба орчин үеийн боловсрол
- Хүний эрх, эрх чөлөө ба хариуцлагын тухай асуудал
- Монголын соёл, уламжлал дахь эрхэм чанарын тухай ойлголт
Олон ургалч үзэл ба рационал дискурс:
- Өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй хамт амьдрах: ардчилал ба харилцан ойлголцол
- Нотолгоонд суурилсан яриа хэлэлцээний соёл төлөвшүүлэх нь
- Эргэлзээ ба шүүмжлэх сэтгэлгээ: хэзээ үндэслэлтэй байдаг вэ?
- Итгэл үнэмшил, шашин шүтлэг ба шинжлэх ухааны харилцаа: итгэл рационал байж чадах уу?
Илтгэл хүлээж авах хугацаа:
- Хуралд оролцогчдын мэдүүлэг ба хураангуйг 2025 оны 10 сарын 29 хүртэл bujinlkham@num.edu.mn хаягаар хүлээж авна.
- Зохион байгуулах ажлын хэсэг хураангуйг үнэлсний үндсэн дээр хурлын хөтөлбөрт тусгана. Илтгэгч нарт хариуг 2025 оны 10 сарын 31-ны дотор мэдэгдэнэ.
- Илтгэлийг бүрэн эхээр нь 2025 оны 11 сарын 07-ноос 11 сарын 14-ний хооронд bujinlkham@num.edu.mn хаягаар товлосон хугацаанд хүлээн авна. Харилцах утас: 99710703, 89449218
Илтгэлд тавигдах шаардлага:
- Илтгэлийг өмнө хэвлээгүй, өөр хуралд хэлэлцүүлээгүй байна.
- Хурлын дэд сэдвүүдийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохистой шийдлийг санал болгож, шинэлэг санаа, дүгнэлт дэвшүүлсэн судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой байна.
- Илтгэлийн эхэнд илтгэлийн сэдэв, зохиогч(д)-ийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй ажил, цахим хаягийг бичнэ.
- Илтгэлийн бүтэц: Сэдэв, түлхүүр үг (4-6), хураангуй (150-400 үгтэй), оршил, үндсэн агуулга, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
- Илтгэлийг UNICODE ашиглаж, “Times New Roman” фонтоор 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэл нь нийт 8-10 хуудас байна.
- Илтгэлийн эшлэл, ном зүйг АРА загварыг баримтлан бичнэ.
Хуралд оролцогчдын мэдүүлэг, хураангуйн хүснэгт
Товч танилцуулга | Үндсэн илтгэгч | Хамтран илтгэгч (бий бол) |
Овог, нэр | ||
Улс, хот | ||
Байгууллага | ||
Албан тушаал | ||
Эрдмийн зэрэг, цол | ||
Холбоо барих утас | ||
Цахим шуудан | ||
Тухайн илтгэл аль дэд сэдэвт хамаарах вэ? | ||
Илтгэлийн сэдэв | ||
Илтгэлийн хураангуй (150-400 үг)
Түлхүүр үг (4-6 үг) |
Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 20
Хаана: МУИС-ийн I байрны Эрдмийн танхим (Дугуй танхим)
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Философи Шашин судлалын тэнхим
ШУА-ийн Философийн Хүрээлэн
МУИС-ийн Философийн Салбарыг Төгсөгчдийн Холбоо
Хурлын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл https://sites.google.com/view/wpdim цахим хуудсаар зочилно уу.