Азийн топ сургууль Цинхуа их сургуулийн дэд захирал профессор Ян Бин, Байгалын шинжлэх ухааны сургуулийн профессор Ю Ли болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жан Синь нар МУИС-д 10 дугаар сарын 3-ны өдөр айлчиллаа.
МУИС болон Цинхуа их сургууль хооронд 2022 онд хамтын ажиллагааны санамж бичиг зурагдсан бөгөөд энэхүү баримт бичгийн хүрээнд цаашдын сургалт, судалгааны хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар уулзалтын талууд санал солилцлоо.
Профессор Ян Бин өөрийн сургуулийн талаар товч мэдээлэл өгөөд Цинхуа их сургуулийн зуны сургалтууд нь гадаадын оюутан судлаачдын дунд нэр хүндтэйг дурдаад хоёр сургуулийн хамтын ажиллагааг зуны сургалт, хөтөлбөрүүдийн хүрээнд өргөжүүлэх бүрэн боломжтойг дурдлаа.
Ректор Б.Очирхуяг энэхүү саналыг дэмжин профессор хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулж дэлхий дахины болон бүс нутгийн нийтлэг асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, шар шорооны нүүдэл, хиймэл оюун ухаан, эрчим хүч зэрэг чиглэлүүдээр хоёр улсын шинжлэх ухааны сангуудад хамтарсан төслийн санал мэдүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвих зэрэг чиглэлүүдээр хамтарч ажиллах нь үр дүнтэй байхыг онцоллоо.
Профессор Ян Бин Цинхуагийн их сургууль нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн дэлхийн боловсролыг хятад улсад эзэмших боломжийг нэмэгдүүлэхийн тулд бакалавр болон магистр, докторын түвшний бүрэн англи хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөв.
Тэрээр үргэлжлүүлэн Цинхуа их сургууль нь “БНХАУ- Их Британийн хүмүүнлэгийн боловсролын холбоо”, “Азийн их сургуулиудын холбоо (AUA)”, “Цаг уурын асуудлаарх дэлхийн их сургуулиудын холбоо (GAUC)”, “Дэлхийн MOOC ба онлайн боловсролын холбоо” холбоог санаачлан амжилттай ажиллаж байгаа талаар дурдлаа.
Хоёр сургуулийн удирдлагууд хамтран хэрэгжүүлэх боломжтой сургалт, судалгааны талаар мэдээллийг нээлттэй бөгөөд шуурхай солилцож идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Уулзалтад МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш. Мэндбаяр нар оролцлоо.
Цинхуа их сургуулийн талаар
1978 онд Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй болох бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш Цинхуа их сургууль асар хурдацтайгаар хөгжиж, өнөөдөр 22 сургууль, 59 тэнхимтэй, шинжлэх ухаан, инженерчлэл, хүмүүнлэг, хууль, анагаах ухаан, түүх, философи, эдийн засаг, менежмент, боловсрол, урлагийн чиглэлүүдийг хамарсан иж бүрэн судалгааны их сургууль болсон байна.
“Өөрийгөө хянах, нийгэмд зүтгэх” гэсэн уриа үг, “Үйлдэл үгнээс илүү” гэсэн сэтгэлгээг баримтлан Цинхуа их сургууль Хятадын нийгмийн сайн сайхан байдлын төлөө, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Хятадын хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий их сургуулиудын нэг болох Цинхуа нь дэлхийд өрсөлдөх чадвартай, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх зорилготой юм. Боловсрол, судалгааны дээд түвшинд хүрэхийн төлөөх эрэл хайгуулынхаа хүрээнд Цинхуа Хятад болон дэлхийн тулгамдсан асуудлуудад шинэлэг шийдэл боловсруулж байна.
Цинхуа их сургууль 2016 онд дэлхийн түвшний стратегиа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ стратегийн удирдамжийн дагуу тус сургууль дэлхийн өрсөлдөх чадвартай инновацлаг мэргэжилтэн бэлтгэх, Хятад болон дэлхий дахины хөгжилд судалгаагаар хувь нэмэр оруулах, институцийн өрсөлдөх чадвар, олон улсын нэр хүндийг бэхжүүлэхийг зорьж байна.
Дэлхийн стратеги хэрэгжиж эхэлснээс хойш Цинхуа олон улсын хамтын ажиллагааг дэмжих, оюутан, багш, ажилчдад гадаадад суралцах, судалгаа хийх, дадлага хийх боломж олгох олон шинэ байгууллага, санаачилга байгуулсан байна.
2021 онд Цинхуа их сургууль “Дэлхийн түвшний стратеги 2030”-оо боловсруулж, олон улсын солилцоо, хамтын ажиллагааны түвшнийг улам өндөр хэмжээнд хүргэх, хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулах зорилт дэвшүүлсэн юм.