МУИС-ийн ахмад багш, академич, профессор Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд МУИС-ийн ахмад багш, академич, профессор Дамбаравжаагийн Батсуурийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Монголын физикийн нийгэмлэгийн үндэсний эрдэм шинжилгээний хурал боллоо.

Физикийн салбарын ууган эрдэмтний нэг Дамбаравжаагийн Батсуурь нь 1925 онд Завхан аймгийн Сонгино суманд төржээ. Д.Батсуурь МУИС-ийн физик-математикийн салбарыг 1947 онд төгсөж, 1947–1990 онд МУИС-д физикийн багш, тэнхимийн эрхлэгч, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор (дэд захирал)-р он удаан ажиллаж бүхий л амьдралаа МУИС-д, Монгол улсын боловсрол, шинжлэх ухаанд зориулсан манай улсын нэр хүндтэй сэхээтнүүдийн нэг байсан юм. Тэрээр МУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар 20 жил ажиллахдаа их сургуулийн эрдэм шинжилгээний потенциалыг бүхэлд нь хөгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны нэгдлийг хангаж, эх орны байгаль, газар зүй, эрдэс баялгийг судлах экспедицүүд үүсгэн байгуулж, аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажлын хэлбэрийг буй болгосон, өнөөгийн ШУТИС-ийн үүсэл, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан гэж зүй ёсоор үнэлэгддэг. Тэрээр МУИС-ийг судалгаанд суурилсан сургалт явуулдаг сонгодог их сургуулийн хэлбэрт  оруулахын төлөө бүхий л үйл ажил, хүчин чармайлтаа зориулан, өөрөө үлгэрлэн тухайн үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбар болох хагас дамжуулагчийн физикийн салбарыг үүсгэн хөгжүүлсэн юм.

Энэхүү хурлын зорилго нь физикчид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа, шилдэг бүтээлүүдээ харилцан солилцох,  ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын их сургууль, МУИС-н Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, ШУА-н Физик, технологийн хүрээлэн, ШУТИС-ийн ХШУИС, МУИС-н Цөмийн физикийн судалгааны төв, МУБИС-н Математик, байгалийн ухааны сургууль, “ЭДТ” ХХК, радио-электроникч, физикч Г.Жаргалсайханы үр хүүхдүүд, “Д.Батсуурь сан”, Д.Батсуурь агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Монголын физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Ц.Баатарчулуун, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хүндэтгэлийн хуралд шавь нарийг төлөөлөн академич Д.Сангаа “Академич Д.Батсуурийн эрдэм судлалын өв”,  үр хүүхэд, төрөл төрөгсдийг төлөөлж охин Б.Энхмаа,  нутгийн эрдэмтэн судлаачдыг төлөөлж доктор Г.Пүрэвдорж нар “Завхан аймгийн Сонгино сумаас төрсөн нэрт эрдэмтэн Д.Батсуурь” сэдэвт хүндэтгэлийн дурсамж илтгэлүүдийг танилцууллаа.

 

Хүндэтгэлийн хурлын үеэр Д.Батсуурь багштай хамтран ажиллаж байсан ахмад багш нар, эрдэмтэн судлаачид, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдийн төлөөлөл болсон олон хүмүүс Д.Батсуурь багшийн талаарх дурсамжаа хуваалцаж, үг хэлэв.

“Үндэсний эрдэм шинжилгээний хурал-2025” эрдэм шинжилгээний хуралд хатуу биеийн физик, материал судлал, онол, их энергийн физик, физикийн боловсрол, цөмийн физик, биофизик, физик-электроник, сэргээгдэх эрчим хүч зэрэг физикийн салбаруудыг хамарсан 5 салбар хуралдаанд  нийт 29 аман илтгэл, 32 ханын илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд хуралд их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн эрдэмтэн судлаачид, физик сонирхогчдын төлөөлөл болох нийт 150 гаруй оролцогч бүртгүүлэн оролцсон байна.

Монголын физикийн нийгэмлэг жил бүрийн үндэсний эрдэм шинжилгээний хурлаар Монгол улсад физикийн шинжлэх ухаан, физик боловсролын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад профессор багш, эрдэмтэн судлаачдын насны ойд зориулан зохион байгуулж ирсэн уламжлалтай.  Мөн хурлын үйл ажиллагааны үеэр Монгол улсын физик салбарт үр бүтээлтэй, он удаан жил ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 2 ахмад эрдэмтэнд хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаагийн хурлаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, академич Ц.Баатар, Монгол Улсын Засгийн газрын харьяа Цөмийн энергийн комиссын ажлын албаны ахлах ажилтан, МУИС-ийн профессор С.Даваа нарт хүндэтгэл үзүүллээ.

Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдээс шилдэг илтгэлүүдийг шалгаруулж радио-электроникч, физикч Г.Жаргалсайханы нэрэмжит шилдэг илтгэлийн шагнал болох өргөмжлөл, нэг сая төгрөгийн шагнал олгодог.

2025 оны шилдэг аман илтгэлийн 1-р байрт Б.Баасансүрэнгийн “Study of the  decay” сэдэвт илтгэл, шилдэг ханын илтгэлийн 1-р байрт Б.Мөнхзаяа, Ч.Содбилэг, Г.Энхтуяа нарын “Их температур дахь барионы өнгөөр дундажлагдсан чөлөөт энерги” сэдэвт илтгэл тус тус шалгарав.  Шилдэг аман болон ханын илтгэлийн 1-р байрын шагнал Монголын физикийн нийгэмлэгийн өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсийг “ЭДТ” ХХК-ийн захирал, тус шагналын ивээн тэтгэгч Ж.Одончимэг, МФН-ийн ерөнхийлөгч Ц.Баатарчулуун нар гардуулж, баяр хүргэлээ.

Мөн 2, 3-р байрт орсон шилдэг илтгэлүүдийг шалгаруулан профессор Д.Батсуурийн шавь нар шагнасан бөгөөд шагналыг шавь нарийг төлөөлж академич Д.Сангаа, профессор Ц.Содов нар гардуулав. Аман илтгэлийн 2-р байрт Г.Батзул нарын “Соронзон-оптик Керр эффектэд суурилсан нимгэн хальсны соронзон шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэл, Ц.Цогбаярын “Урсгалын тэгшитгэлээр электроны дүүргэгдсэн бүрхүүлт атом, молекулын үндсэн төлөвийн энергийг тооцоолох нь” сэдэвт илтгэл, ханын илтгэлийн 2-р байрт Б.Номин нарын “WO3-оор хольцолсон никель катализаторын судалгаа” сэдэвт илтгэл, 3-р байрт О.Гэрэлмаа нарын “Ground-based telescope spectral analysis of Saturn’s atmosphere using MSI (PIRKA)” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Зохион байгуулах хороо

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар