“Судлаач оюутан – 2025” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Share Button

МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхим, Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)- гийн Монгол дахь хөтөлбөрийн санаачилгаар “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл” (GEF7) дэмжлэгтэйгээр их дээд сургуулиудын Биологи, Экологи, Байгаль хамгааллын салбарт суралцаж буй оюутнуудын дунд “Судлаач оюутан – 2025” эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дахь жилдээ 2025 оны 12-р сарын 6-ны өдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд МУИС, МУИС-ийн Баруун бүсийн салбар сургууль, ХААИС, МУБИС, ШУТИС, СЭЗИС, Этүгэн их сургуулиудын экологи, биологи, био-инженерчлэл, байгаль хамгаалал, эмийн ургамал, био анагаах ухаан, мал эмнэлэг, ойн аж ахуй, нийгмийн эрүүл мэнд, хими-технологи, физик-электроник, мод технологи, инженер, эдийн засаг хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд биологийн олон янз байдал,  байгаль хамгааллын чиглэлээр хийж буй судалгааны ажлаа хэлэлцүүлсэн онцлог бүхий арга хэмжээ боллоо. Мөн жил бүр уламжлал болгон зарладаг  “Миний дуранд буусан гэрэл зураг” фото зургийн уралдаан, “Миний судалгааны ажлын тэмдэглэл” нийтлэлийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулж шилдэг бүтээлүүдийг шалгаруулав.

Шилдэг эрдэм шинжилгээний илтгэлээр Тус эрдэм шинжилгээний хурлын дүнгээр МУИС-ийн Экологийн IV түвшний оюутан Д.Цогт “Нөмрөг голын шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok) загасны шилжилт хөдөлгөөний хэв маяг” сэдэвт судалгаагаар I байр, МУБИС-ийн Биологийн тэнхимийн IV түвшний оюутан Б.Дэлгэрмөрөн “Монгол орны гардалавчтаны судалгаа, хамгаалалд Онон-Балжийн байгалийн цогцолборт газар яагаад чухал вэ?” сэдэвт илтгэлээр II байр, СЭЗИС-ийн Эдийн засгийн V түвшний оюутан М.Болортунгалаг “Байгаль орчны өрийн своп ба нөлөөлөгч хүчин зүйлс” сэдэвт судалгаагаараа III байр тус тус эзэлсэн бол МУИС-ийн Био-инженерчлэлийн IV түвшний оюутан Б.Одмаа “Монгол орны зарим зүйл ургамлын антиоксидант болон уушгины хавдрын эсийг дарангуйлах идэвхийн судалгаа”, мөн МУИС-ийн Биологийн боловсролын сургуулийн Экологийн II түвшний оюутан Б.Эрдэнэбат “Өгий нуураар дамжин өнгөрөх Азийн сүвээ цагаан (Pluvialis fulva)-ы намрын нүүдэл”  сэдэвт илтгэлээрээ тус тус  тусгай байрт шалгарлаа.

Гэрэл зургийн уралдаанд амьтны төрлөөр МУИС-ийн Экологийн 4-р түвшний оюутан А.Ачбилэг, байгалийн төрлөөр МУИС-ийн Биологийн хөтөлбөрийн I түвшний оюутан О.Төрболд, ургамлын төрлөөр МУБИС-ийн Биологийн тэнхимийн оюутан Бямбалхагва нар тус тус шалгарсан бол нийтлэлийн уралдаанд Этүгэн их сургуулийн оюутан С.Анужин, ХААИС-ийн оюутан М.Намуун нар тус тус шалгарлаа.

Тус эрдэм шинжилгээний хурлыг ХААИС-ийн Экологийн тэнхимийн эрхлэгч Н.Цэгмид , ШУА-н Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Гантигмаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн мэргэжилтэн Ц.Цэрэндулам болон МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Б.Оюунцэцэг, МУБИС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш Г. Онолрагчаа нар шүүн явуулав.

Талархал

Хуралд оролцсон, гэрэл зургаа илгээсэн, нийтлэлээ тэрлэсэн нийт оюутан залууст мөн Экологи-Биологи-Байгаль хамгааллын чиглэлээр суралцаж буй хээрийн судлаач оюутнуудын судалгааны ажил, үр дүнг дэмжин хамтран зохион байгуулсан, оролцсон “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл”, WWF Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС, МУБИС, ХААИС, МУИС-н Ховд дахь салбар сургууль болон ШУА-н Биологийн хүрээлэнгийн хамт олонд судлаач оюутнуудын өмнөөс чин сэтгэлийн үүднээс талархаж байгааг минь хүлээн авна уу. Та бүхний үйлс улам бүр дэлгэрэн оршихын өлзий ерөөлийг хүргэе.

“Судлаач оюутан – 2025” эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод, 2025 оны 12-р сарын 6, Улаанбаатар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар