Монгол Улсын Гавьяат багш А.Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо

Share Button

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, химийн ухааны доктор Алтанбаярын Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа.

2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлгийн эздээр химийн хөтөлбөрийн II дамжааны оюутан Б.Анударь, магистрын оюутан Э.Номуунзаяа нар шалгарлаа. Тэтгэлгийн нэрэмжит шагналт оюутнаар Багш, химийн боловсрол хөтөлбөрийн II дамжааны оюутан А.Сэржмядаг тодорлоо.

Профессор А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлгийг нийт 15 оюутанд тэтгэлэг, 4 оюутанд шагнал тус тус олгожээ.

Профессор А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг нь МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимийн ХИМИ хөтөлбөрөөр бакалавр, магистрын суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой.

Профессор А.Мөнгөнцэцэг нь МУИС-ийн химийн салбарын анхны төгсөгч, аналитик химийн анхны үндэсний эмэгтэй багш юм. Химийн тэнхимд багш, профессор, зөвлөх  профессороор тасралтгүй 54 жил ажиллаж МУИС-ийн Хүндэт профессорын өргөмжлөлийг химийн салбартаа анх удаа хүртжээ.

Тэрбээр Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд, сав газрын гидрохимийн чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, Сэлэнгэ мөрөн, Туул, Орхон, Хараа, Ерөө голуудын химийн шинж чанарыг системтэйгээр нарийвчлан шинжлэн тогтоосон нь өдгөө судалгааны суурь материал, харьцуулах эталон болсон.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар