Европын Холбооны санхүүжилттэй GreenTech Horizons төсөл хэрэгжиж байна

Share Button

 

Цахим шилжилт, ногоон шилжилтийг эрчимтэй хийж, хөдөлмөрийн зах зээлд цахим ур чадвартай ажилтныг бэлтгэх, чадавхижуулах шаардлага чухлаар тавигдаж байгаа өнөө үед дээд боловсролын сургалтын байгууллагууд сургалтын хөтөлбөртөө эрчимтэй шинэчлэлт хийж байгаа билээ.

МУИС-ийн МТЭС-иас дэлхийн 8 улсын 17 их сургууль, байгууллагатай хамтран 2024 оны 11 дүгээр сараас хэрэгжүүлж байгаа Европын Холбооны санхүүжилттэй GreenTech Horizons төсөл нь Зүүн, Төв Ази болон Азийн бүс нутагт, тэр дундаа Азербайжан, Казахстан, Монгол Улсын тогтвортой өсөлт, ажлын байрыг бий болгоход хувь нэмрээ оруулж чадах орчин үеийн боловсон хүчинд шаардлагатай ногоон, дижитал болон бизнесийн ур чадварыг цогцоор нь, үр дүнтэй хөгжүүлж, эзэмшүүлэх замаар асар хурдацтай хөгжиж буй ногоон болон дижитал хосолсон шилжилтийг дэмжих явдал юм.

Төслийн хүрээнд суралцагчдад ногоон ба дижитал хосолсон шилжилтийн сорилт, боломжийг даван туулахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд шаардагдах чадамжид чиглэсэн сургалтын экосистемийг загварчлах, хөгжүүлэх, турших бөгөөд ногоон ба дижитал шилжилтийн чадварын гурвалжин болох ирээдүйн ногоон ур чадвар, ирээдүйн дижитал ур чадвар, бизнесийн мэдрэмжийг харгалзсан чадамжид чиглэсэн сургалтын хөтөлбөрийн загварыг төсөлд хамрагдсан Азербайжан, Казахстан, Монгол Улсын 8 их сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, хэрэгжүүлэхэд ашиглаж эхлээд байна.

Уг төслийн дэмжлэгтэйгээр МУИС-д бакалавр, магистрын түвшний Хиймэл оюуны хөтөлбөрийг шинээр нээсэн бөгөөд МТЭС-д байгуулах сургалтын лабораторийг Хиймэл оюуны хөтөлбөрийн түшиц лаборатори болгон ашиглах юм.

2025-2026 оны намрын улиралд Хиймэл оюун бакалаврын хөтөлбөрт 43 оюутан шинээр элссэн бөгөөд төслийн багийнхны тооцоогоор 2030 он гэхэд бакалаврын түвшний 200 оюутантай болно.

Харин хиймэл оюун магистрын түвшинд 11 суралцагч шинээр элссэн бөгөөд хиймэл оюуны магистрантын тоо 2027 он 30-д хүрсэн байхаар төлөвлөн ажиллаж байна.

Түүнчлэн Их өгөгдөл ба өгөгдлийн ухааны хичээлийг МУИС-ийн Ерөнхий суурь хичээлийн жагсаалтад шинээр оруулж, МУИС-ийн бүх оюутанд үзэх боломжийг нээсэн бөгөөд 2025-2026 оны намрын улиралд уг хичээлийг 150 гаруй  оюутан сонгон судалжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар