“МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР БА БОЛОМЖ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Share Button

Манай улсад үйлдвэрлэл, уул уурхай, дэд бүтцийн хөгжил эрчимжиж, хүрээлэн буй орчны асуудал хурцаар хөндөгдөж буй өнөө цагт байгаль орчны хяналт, үнэлгээ, мониторинг судалгаа, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал нэн тэргүүнд тавигдах боллоо. МУИС-ийн ГГС нь байгаль орчны үнэлгээ, хүрээлэн буй орчин судлал, хөрс судлалын мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд жил ирэх тусам эдгээр мэргэжлийн хэрэгцээ шаардлага улам ихэссээр байна. Иймд төгсөх курсын оюутан, магистрантуудыг мэргэжлийн дагуу ажлын байранд зуучлах, мэргэжил сурталчлах зорилгоор “Мэргэжлийн ур чадвар ба боломж” сэдэвт байгаль орчны үнэлгээний мэргэжлийн тэмцээнийг байгаль орчны үнэлгээ, аудитын зөвлөх “Natural Sustainable” ХХК-ийн санаачлагаар 2013 оны 4-р сарын 14-ны өдөр зохион явууллаа.

Уг тэмцээнд төгсөх курсын 12, магистрант 6, нийт 18 оюутан оролцож мэдлэг, чадвараараа өрсөлдлөө. “Мэргэжлийн ур чадвар ба боломж” тэмцээн нь 2 үе шаттай явагдаж, 1-р шатанд оюутнуудын Онол-Эрхзүйн мэдлэгийг, 2-р шатанд Ур чадварыг шалгалаа. Ийнхүү энэ тэмцээн нь оюутны сэтгэн бодох чадвар, цаг ашиглалт, мэдээлэл эрэлхийлэх, бие даан ажиллах чадвар гэх мэт олон чадварыг давхар үнэлснээрээ ач холбогдолтой байлаа.

untitledУг тэмцээний 1-р байранд БАХҮ ангийн 4-р курсын оюутан Х.Уянга, 2-р байранд БАХҮ ангийн 4-р курсын оюутан Ц.Бямбацэрэн, 3-р байранд Хүрээлэн буй орчны Олон улсын магистрант Э.Баттулга нар тус тус шалгарлаа. “Natural Sustainable” ХХК-ийн ажилтнууд тэмцээнд оролцсон нийт оюутнуудаас ярилцлага авч, БАХҮ ангийн 4-р курсын оюутан Х.Уянгааг компанидаа ажиллуулахаар сонгож, ажил амьдралынх нь гараанд өлгийдөн авлаа.

“Мэргэжлийн ур чадвар ба боломж” тэмцээнийг энэ жилээс эхлэн “Natural Sustainable” ХХК-тай жил бүр хамтран зохион явуулах ба цаашид бусад тэнхим, сургуулиуд энэ төрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн явуулахаар болжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар