Хайж байна...

Австралийн элчин сайд МУИС-д зочиллоо

Share Button

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Лео Зенг МУИС-д зочиллоо.

Уулзалтын эхэнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг элчин сайдад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, Австралийн Үндэсний их сургууль болон Мельбурны их сургуультай тогтоосон идэвхтэй хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Мөн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвийн багш нар Австралийн их сургуулиудтай хамтран Монгол Улсын төрийн албан хаагчдыг Австралид сургах AAM тэтгэлэгт хөтөлбөрийг 2018–2021 онд амжилттай хэрэгжүүлсэн талаар дурдав.

Түүнчлэн МУИС Австралийн Үндэсний их сургуультай монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, 2023 онд хамтын ажиллагааны гэрээг шинэчилсэн бол МУИС-ийн дэргэдэх Center of English Excellence төв Австралийн сайн дурын байгууллагатай хамтран үйл ажиллагаагаа амжилттай явуулж буйг ректор онцоллоо.

Ректор цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, уул уурхай ба тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хамтарсан судалгааг өргөжүүлэх санал дэвшүүлэв. Элчин сайд судалгааны санхүүжилтийн ач холбогдлыг тэмдэглэж, Австралийн ЭСЯ-наас хэрэгжүүлдэг бичил төслийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

Талууд Монгол Улсад зохион байгуулагдах COP17 хурлын хүрээнд хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн эрх зүй, уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэнд, соёлын солилцооны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал нэгдэв. Уулзалтын төгсгөлд ректор Б.Очирхуяг элчин сайдыг МУИС-д лекц уншихыг албан ёсоор урилаа.

 Элчин сайд уулзалтын дараа  МУИС-ийн Нано шинжлэх ухаан, нано технологийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад МУИС-ийг төлөөлж ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Гадаад хэлний төвийн ахлах багш Х.Нуржан нар оролцсон бол зочин талаас Элчин сайд Лео Зенг, ЭСЯ-ны төслийн ажилтан Х.Өрнөх, Australian Volunteers Program-ийн төслийн менежер С.Мөнхтуул нар байлцав.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар