МУИС-ийн 6 оюутан Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг Сакура Сайэнс солилцооны хөтөлбөрт (https://ssp.jst.go.jp/en/) хамрагдан, 2026 оны 2 дугаар сарын 15-21-ний хооронд тус улсад зочлоод ирэв. Энэ удаагийн хөтөлбөрийг МУИС-ийн Биоорганик хими-Фармакогнозын лаборатори, Тохо их сургуулийн Микробиологийн лаборатори (https://www.toho-u.ac.jp/phar/labo/biseibutsu.html) хамтран “Байгаль эхийн ивээлийг судлах нь: Байгалийн нэгдлийг хамтран эрж хайх нь” сэдвээр зохион байгууллаа.
Оюутнууд Тохо их сургуулийн Нарашино хотхонтой танилцахын зэрэгцээ антибиотикийн эх үүсвэр болох актиномицет, шинэ эмийн эх үүсвэр болох байгалийн эмийн тухай лекц сонсохын хамт “Shiunko” шархны тос найруулах туршилтын ажил хийж гүйцэтгэв. Хүнсний бүтээгдхүүн, ялангуяа, хоол амтлагч үйлдвэрлэлээрээ алдартай Ajinomoto компанийн Кавасаки хот дахь үйлдвэр (https://www.ajinomoto.co.jp/kfb/kengaku/kawasaki/), цагариг бүтэцтэй олигосахарид болох циклодекстринийг ашиглан янз бүрийн бүтээгдхүүний судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийдэг Cyclochem компанийн (https://www.cyclochem.com/en/) Токио хот дахь салбар, ургамлын ханд, түүнээс гарган авсан биологийн идэвхт, эмт нэгдлүүдийн бизнес хийдэг Tokiwa Phytochemical компанийн (https://www.tokiwaph.co.jp/en/) үйл ажиллагаатай танилцав.
Сакура Сайэнс хөтөлбөр нь манай оюутнуудын сурч мэдье, хийж бүтээе гэсэн урам зоригийг бадрааж, Монгол, Япон хоёр орны залуусыг хооронд нь холбож, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.










