Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй COP17-Залуучуудын загвар хуралдаан эхэллээ.


Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулж буй COP17- Залуучуудын загвар хуралдааныг нээж Монгол Улсын Байгаль орчин, уур амсьгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Дэд тэргүүн Софи Уоррал, НҮБХХ-ийн Уур амьсгал, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нар үг хэллээ.



COP17-Залуучуудын загвар хуралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс олон залуус оролцохоор хүсэлт ирүүлж бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс 120 оролцогчийг тодорхой шалгуураар шалгаруулж 3 модуль бүхий албан ёсны сургалтад хамруулсан юм. Сургалтад хамрагдсан 120 оролцогчоос тухайн сургалтын агуулгаар дахин шалгаруулалт хийн 60 шилдэг оролцогчийг сонгож, тэдгээр оролцогчид улс орнуудыг төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын бага хурлын жишгээр хоёр өдөр хуралдах юм. Шилдэг оролцогчдыг бүсчилэн үзвэл, Хангайн бүсээс 3, Баруун бүсээс 13, Хойд бүсээс 6, Төвийн бүсээс 1, Зүүн бүсээс 8, Говийн бүсээс 1, Улаанбаатар хотоос 28 оролцогч тус тус шалгарсан байна.


Шилдэг 60 оролцогч хоёр өдрийн туршид дэлхий дахинд тулгамдаад буй цөлжилт, газрын доройтлын асуудлыг ойлгож, байр сууриа тодорхойлон эдгээр асуудлыг шийдэх санхүү, технологи зэрэгт суурилсан хэлэлцээ хийж, 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүргэх Залуучуудын уриалга”-ыг батлах болно.
COP17- Залуучуудын загвар хуралдаан Улаанбаатар хотноо 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

