Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Др. Э.Одбаяр МУИС-ийн УТСОУХНУС-ийн багш, оюутнуудад зориулан “Монгол Улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний дипломат ажиллагаа” сэдвээр лекц уншлаа.
Тус лекц нь Олон улсын харилцаа хөтөлбөрийн “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд лекцийн агуулгын хүрээнд Монгол Улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний дипломат ажиллагааг бодит жишээ баримт дээр үндэслэн тайлбарлаж, хөшигний ард өрнөдөг үйл явцыг ч орхигдуулалгүй хуваалцсан нь сонсогчдын сонирхлыг ихээхэн татлаа.

Др. Э.Одбаяр лекцийнхээ эхэнд 2011 онд батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” хэмээн тодорхойлсон байдгийг олон сонирхолтой жишээгээр ойлгомжтойгоор тайлбарлалаа. Төрийн тэргүүний дээд хэмжээний дипломат ажиллагаа буюу “summit diplomacy”-г оюутан залууст тайлбарлахдаа 2021-2025 онд Монгол Улсад айлчлан ирсэн гадаад улын төрийн тэргүүнүүдийн айлчлалууд болон Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад улс онуудад хийсэн айлчлалуудаар онцлон жишээ татаж, манай улс гадаад харилцааны сэргэлтийн оргил үе дээрээ явж буйг тэмдэглэж байв. Мөн 2026 оны 8-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцохыг дурдсан юм.

Лекцийн төгсгөл хэсэгт тэрээр оюутнуудын сонирхсон асуултад хариулж, өөрийн хувийн туршлага, ажлын гараа, мэргэжлийн дипломат болсон түүхээ хуваалцсан нь олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутан залууст үнэ цэнтэй зөвлөгөө боллоо.

Др. Э.Одбаяр лекцээ өндөрлөхдөө “Монгол Улсын аюулгүй байдлын гол эд эс нь бид өөрсдөө юм. Та бүхний зарим нь дипломат болно. Харин зарим нь нэг байгууллагын гадаад харилцааны менежер, эсвэл аль нэг яамны гадаад харилцааны хэлтсийн дарга, бүр ерөнхийлөгч ч болж магадгүй. Тэгэхээр дипломат байх гэдэг нь эх оронч байна гэсэн үг. Улсын гадаад бодлого хэдий чинээ амжилттай байна, тэр хэрээр үндэсний аюулгүй байдал тогтвортой байдаг. Бид бүгдийн цаашдын сайн сайхан байдал өөрсдийн маань хийж буй үйлдэл, хэлж байгаа үгээс шууд хамаарах учир та бүгд сонгосон мэргэжилдээ эзэн болж, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшил, өөрсдийн амьдралын сайн сайхны төлөө голын урсгалд хамт урсаж биш, харин өөрөө хүссэн зүгтээ, заримдаа урсгалын эсрэг сэлүүрдэж, Монгол Улсыг олон улсын хэмжээнд гаргасан залуус болоорой” хэмээн амжилт хүслээ.
Лекцийн слайдыг дараах холбоосоор орж үзэх боломжтой: https://prezi.com/view/u1wmNXYTP0WROQtSC63n/?referral_token=9FKBUtlnB3FN


