Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, өрхийн бизнесийг дараагийн шатанд гарган стартап хэлбэрт шилжүүлэхэд чиглэсэн Бизнес эрхлэгчдийн форум-2026 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумыг Төрийн банкны Бизнес инкубатор төв болон МУИС-ийн ШУТУБП-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Энэ жилийн форум “ӨРХИЙН БИЗНЕСЭЭС СТАРТАП РУУ” уриан дор болж, орчин үеийн бизнесийн хөгжлийн чиг хандлага, инновац, дижитал шилжилт, санхүүжилтийн боломжуудыг онцлон танилцуулснаараа онцлог байв.



Форумд 120 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид, их сургуулийн багш, судлаачид, оюутнууд болон гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой багууд идэвхтэй оролцсон нь стартапын хөгжил, санхүүжилтийн хүртээмжийн хэрэгцээ өндөр байгааг харуулсан чухал үзүүлэлт боллоо.

Форумын хүрээнд бизнесийн автоматжуулалт, санхүүгийн шийдлүүд, хөрөнгө оруулалт татах стратеги, хиймэл оюун ухааныг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчдод практик мэдлэг, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг хүргэв. Мөн амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцаж, түгээмэл тулгардаг алдаа, бэрхшээлийг даван туулах арга замуудыг хуваалцсан нь форумын үнэ цэнийг улам нэмэгдүүллээ.

Түүнчлэн энэхүү форум нь “Өрхийн бизнесээс стартап” модуль сургалтын албан ёсны нээлт болж, цаашид бизнес эрхлэгчдийг шат дараатайгаар хөгжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьснаараа онцгой ач холбогдолтой юм.

