Хайж байна...

Орчуулгазүйн эрдэм шинжилгээний XIV бага хурал боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Орчуулгазүйн Профессорын багаас уламжлал болгон зохион байгуулдаг Орчуулгазүйн эрдэм шинжилгээний бага хурал энэ жил 14 дэх удаагаа “Орчуулга заах арга зүй: уламжлал, шинэчлэл” сэдвээр зохион байгуулагдлаа.

2026 оны 3 дугаар сарын 27-нд болсон тус хуралд МУИС, МУИС-ийн Завхан аймаг дах БМТС, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, МУБИС, ХААИС, ОУУБИС-ийн эрдэмтэн судлаачид оролцож, чех, солонгос, герман, испани, англи хэлний орчуулгын хичээл зааж ирсэн туршлага, франц, япон, хятад хэлээрх орчуулгын уламжлал, орчуулга судлал, орчуулагч, хэлмэрчийн эх хэлний мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, орчуулгын сургалтад хиймэл оюуныг зохистой ашиглах талаар зэрэг 18 илтгэл хэлэлцүүллээ.

Орчуулгазүйн салбарын эрдэмтэн, судлаач, орчуулагч болох Л.Маналжав, Ц.Магсар, Ш.Эгшиг нар хурал удирдан оролцож, илтгэгчидтэй хамт МУИС ийн ШУС-ийн ХУС-ын орчуулгаар мэргэшин суралцаж буй бакалаврын түвшний, ахисан түвшний суралцагч нарыг хамруулан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн нь энэ хурлыг бүх талыг хамруулсан, үр өгөөжтэй, хүртээмжтэй хурал болголоо.

Хурлын үеэр “хэлмэрчилгээ” хэмээх шинэ үгийг орчуулгазүйн хэрэглээнд оруулах тал дээр хуралд оролцогчид санал нэгдэж, салбарын нэр томьёо нэгээр нэмэгдлээ.

МУИС-ийн Орчуулгазүйн Профессорын багаас Орчуулгазүйн эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оноос эхлэн жил тутам тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж ирсэн бөгөөд эдүгээ энэ хурал нь нийгмийн болон эрдэм шинжилгээний хүрээнд танигдсан, судлаачийн индэр болж чадсан юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар