МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк болон Төрийн банкны Бизнес инкубатор төв хамтран хэрэгжүүлж буй “Өрхийн бизнесээс стартап” сургалтын хөтөлбөрийн II модуль 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Өрхийн бизнесийг инновацаар хөгжүүлж, стартап болгоё” уриан дор зохион байгуулагдсан тус сургалтад нийт 40 стартап, жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдаж байна. Сургалт МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк (ШУТУБП)-д явагдаж, оролцогчид технологи зүгшрүүлэлтийн орчин, үйлдвэрлэлийн цех, лабораторийн үйл ажиллагаатай танилцсан нь онцлог байлаа.

II модуль сургалтын хүрээнд оролцогчид “Бизнесийн санхүүгийн төлөвлөлт” болон “Дижитал маркетингийн шийдэл” сэдвүүдийн дагуу онол, практик хосолсон мэдлэг, ур чадварыг эзэмшлээ. Сургалтыг МУИС-ийн туршлагатай багш, мэргэжилтнүүд удирдан явуулсан бөгөөд оролцогчид идэвхтэй оролцож, өөрсдийн бизнесийн жишээн дээр тулгуурлан дадлага ажил гүйцэтгэн, харилцан туршлага солилцсон.

Энэхүү модуль нь оролцогчдод бизнесээ бодит тооцоолол, стратегид суурилан хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо. “Өрхийн бизнесээс стартап” хөтөлбөр нь оролцогчдод бизнесийн цогц мэдлэг, ур чадвар олгохоос гадна инновацид суурилсан хөгжлийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах зорилготой бөгөөд дараагийн модуль сургалтууд үргэлжлэн зохион байгуулагдана.

