Оюутнуудын дижитал ур чадвар, цахим хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Оюутны хөгжлийн газар, ШУС-НУС-ын Боловсрол судлалын тэнхимтэй хамтран “И-Монгол Академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн сургагч багш С.Галсандашийг урьж, “Хиймэл оюун”, “Цахим иргэн”, “E-Mongolia” сэдвээр лекц зохион байгууллаа.


Сургалтын үеэр хиймэл оюуны өнөөгийн хэрэглээ, боловсрол болон өдөр тутмын амьдралд ашиглах боломж, суралцах үйл явцад үр дүнтэй ашиглах арга барилын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн “Цахим иргэн” сэдвийн хүрээнд цахим орчны ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллээ хамгаалах, цахим соёлтой хэрэглэгч байх талаар ойлголтыг оюутнуудад хүргэв.
Түүнчлэн E-Mongolia системийн үйлчилгээ, төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай авах боломж, өдөр тутмын хэрэглээнд ашиглах аргачлалын талаар практик мэдээлэл өгч, оюутнуудын идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалт нь оюутнуудын дижитал боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн технологийг зөв зохистой ашиглах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

