Хайж байна...

МУИС-ийн оюутан, төгсөгчид “Ship for World Youth 37” хөтөлбөрт Монгол Улсаа төлөөллөө

Share Button

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг олон улсын залуучуудын солилцооны “Ship for World Youth 37” (SWY 37) хөтөлбөрт МУИС-ийн оюутан, төгсөгчдөөс бүрдсэн Монголын баг амжилттай оролцож, эх орноо амжилттай төлөөллөө. 37 дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрт 12 орны 170 орчим залуус оролцон “Nippon Maru” усан онгоцон дээр сургалт, хэлэлцүүлэг, соёлын солилцооны олон талт үйл ажиллагаанд хамрагдсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд Монголын баг үндэсний соёлоо идэвхтэй сурталчилж, Цагаан сарын шинийн нэгний өдөр дээлтэй оролцогчдыг хамруулсан өртөөт соёлын арга хэмжээ зохион байгуулсан нь хөтөлбөрийн түүхэнд онцлох үйл явдлын нэг болсон юм. Мөн Монголын түүх, соёлыг жүжигчилсэн үзүүлбэр, ерөөл магтаал, бүжгээр илэрхийлсэн үндэсний танилцуулгыг амжилттай толилуулжээ. Түүнчлэн уламжлалт нүүдлийн аж ахуй, монгол бичгийн танин мэдэхүйн сургалт, клубын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, хүртээмжтэй нийгэм, стартап ба хөрөнгө оруулалт, байгалийн гамшгийн эрсдэлийн менежмент зэрэг дэлхий нийтийн тулгамдсан 8 сэдвийн хүрээнд сургалтад хамрагдаж, өөрсдийн судалгааг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн хөтөлбөрийн үеэр Окинава хотын захирагчийн оролцоотой Монгол улсын төлөөлөгчдийн сэтгэгдлийн үг хэлэх, Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн Како гүнжид бараалхах, Японы Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзах боломж олдсон байна.

SWY 37 хөтөлбөр нь олон улсын залуучуудын урт хугацааны хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, манлайлал, харилцаа, хамтын ажиллагааны ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. МУИС-ийн оюутан, төгсөгчид анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон нь Монгол, Японы харилцаа, залуучуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн төгсөгч Баярсайханы Намуун (National Leader), Бизнесийн сургуулийн магистрант Баясахын Мишээл (Youth Leader), УТСОУХНУС-ийн оюутан Ууганхүүгийн Уянга, Батсүхийн Хулан, Болдбаатарын Батжаргал, Түмэндэмбэрэлийн Баянжаргал, Пүрэвхүүгийн Очхүү, Төмөрсуурийн Дөлгөөн, Пүрэв-Эрдэнийн Нинжин нар багтсан юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар