Бельгийн Хаант улсын өргөмжит консул хатагтай Клаартье Генбругге МУИС-д 4 дүгээр сарын 15-ны өдөр хүрэлцэн ирж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Өргөмжит консулыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзан хоёр улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.


Ректор Б.Очирхуяг дурдахдаа МУИС нь Европын Холбооны орнуудын их дээд сургуулиудтай сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлэх өндөр сонирхолтой буйгаа дурдаад Эрасмусын төслүүд амжилттай хэрэгжиж буй талаар онцоллоо.
Хатагтай Клаартье Генбругге Бельгийн их сургуулиуд нь компьютерын тоглоом хөгжүүлэлтээр дэлхийд алдартай талаар сонирхуулав.

МУИС-ийн зүгээс Бельгийн Хаант улсын нэр хүнд бүхий Гентийн их сургууль, Лювэний их сургууль, Брюсселийн Фрай их сургуулиудтай уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрс, хүнсний аюулгүй байдлын хамтарсан судалгаа, олон улсын харилцаа, төрийн удирдлага зэрэг чиглэлүүдээр хамтарсан хөтөлбөр салбар хоорондын хамтарсан судалгаа, инновац & startup чиглэлээр болон хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх зэрэг санал танилцуулсныг өргөмжит консул талархан хүлээн авлаа.
Уулзалтын төгсгөлд өргөмжит Консул анх удаа МУИС-д зочилж халуун дулаан яриа өрнүүлсэнд талархлаа илэрхийлээд хоёрыг улсын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ. Уулзалтад МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр болон УТСОУХНУС-ийн ахлах багш Б.Баярцэнгэл нар байлцлаа.
Энэхүү уулзалтын дараа өргөмжит консул хатагтай Клаартье Генбругге МУИС-ийн УТСОУХНУС-ийн оюутнуудад “ Орчин үеийн Бельги, Монголын харилцаа” сэдвээр лекц уншлаа.




ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
УТСОУХНУС

