Хайж байна...

Инновацын экосистемийг бүрдүүлэхэд МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк манлайлан ажиллаж байна

Share Button

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцаж, МУИС-ийн Гэрлаб инженерийн урланд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийг хоёр жилийн өмнө сайдаар ажиллаж байхдаа дэмжин эхлүүлж байсан. Их сургууль нь сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаа явуулдаг ч гарсан инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх холбоос дутмаг байсан. Тиймээс энэхүү паркийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бодит үр дүн гарч, парк амжилттай хөгжиж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр цаашид ерөнхий боловсролын сургуулийн, ялангуяа хөдөө орон нутгийн байгалийн ухааны хичээлийн багш нарыг сургах, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг дурдав. Мөн хот, хөдөөгийн болон төрийн, хувийн сургуулиудын ялгааг бууруулахад энэхүү парк чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал, профессор О.Мөнхбат паркийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, дундын оффис ажиллуулах, сурагч, оюутнуудад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах орчныг бүрдүүлж буйг онцоллоо. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораториудыг хөгжүүлж, хүний нөөцийг бэлтгэн, инновацын экосистемийг бүрдүүлэн ажиллаж байгааг дурдсан юм. Мөн Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех нь технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжих, судалгаа–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан ажиллаж байна. 

МУИС-ийн Гэрлаб инженерийн урлангаас ерөнхий боловсролын сургуулийн туршилтад суурилсан хичээлүүдийг лабораторид хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг судлан, 6500 гаруй багшаас судалгаа авсан байна. Үүний хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Боловсролын сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн хими, физик, биологи зэрэг байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Гэрлаб инженерийн урланд үйлдвэрлэх, багш нарыг чадавхжуулах ажлуудад бүрэн хамтран ажиллах боломжтойг онцолж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар