Өнөөдөр /2026.04.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын явцтай танилцлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон холбогдох албаны төлөөлөл, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа болон барилгын гүйцэтгэгч компаниудын удирдлагууд оролцож танилцуулга, мэдээлэл өгсөн юм.




МУИС-ийн хичээлийн III байрны сууринд барьж буй А, Б блокийн барилгын шав тавих ёслол 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр буюу МУИС-ийн 80 жилийн ойн өдөр болсон бөгөөд I үе шат буюу Б блокийн барилгыг МУИС-ийн өөрийн санхүүжилтээр барьж 2026 оны 5 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин II үе шат А блокийн барилгыг улсын төсвийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд 2027 оны 1 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй, оюуны томоохон хөрөнгө оруулалт болох улсын төсвийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яамд, сургууль, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад захилаа.
Өнөөдрийн байдлаар Б блокийн барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, А блокийн барилгын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.
Хичээлийн шинэ байрны барилга нийт 6 давхар бөгөөд түүнээс гадна техникийн болон авто зогсоолын давхартай. Авто зогсоолын хувьд 60 гаруй авто машины зогсоол төлөвлөжээ. Энэхүү барилга нэг зэрэг 2000 орчим хүний сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой барилга бөгөөд Итали, Япон архитекторуудтай хамтран зураг төслийг боловсруулснаараа онцлог байна.

