Хайж байна...

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Share Button

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн (УТҮГ) болон Монгол Улсын Их Сургуулийн харьяа Хот, бүс нутгийн судалгааны хүрээлэн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэбаяр, Бүсчилсэн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Мөнхжаргал, Орон зайн өгөгдөл судалгааны газрын дарга А.Чулуунчимэг, МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Батцэнгэл болон бусад албаны хүмүүс оролцов.

Арга хэмжээг нээж МУИС-ийн ректор Б.Очирхуяг “…хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид эрчимтэй хөгжүүлэх, энэхүү санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн нь үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллах, улмаар МУИС-ийн Баруун бүсийн салбар сургууль, Зүүн бүсийн салбар сургуулиудыг түшиглэн төсөл, судалгаа, захиалгат ажлуудыг өргөжүүлэх боломжтой” гэж онцлон хэлэв.

Мөн Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэбаяр “…бүсчилсэн хөгжлийн асуудлаар МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнтэй нягт хамтарч ажиллах, энэ чиглэлээр МУИС-ийн мэргэжлийн судлаач багш нартай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолж, хот, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийн судалгаанд орон зайн төлөвлөлт, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, ESRI-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар дамжуулан ArcGIS программ хангамжийг ашиглах албан ёсны эрхийг Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнд шилжүүлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэв”.

Уг санамж бичгийн зорилго нь бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дэмжих орон зайн болон эдийн засгийн интеграцийн тооцоолол, арга зүйг боловсруулах, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг платформыг хөгжүүлж нутагшуулах, загвар төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан-бодлогын уялдааг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих, судлаач болон төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, өгөгдөлд суурилсан бүс нутгийн удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд орших юм.

Санамж бичигт Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэбаяр, МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны санамж бичигт үйл ажиллагааны үндсэн 8 чиглэлийг тусгаж, хамтран ажиллахаар болсон нь их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийн платформ хөгжүүлэх, хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх анхдагч, суурь нөхцөлийг баталгаажуулав.

 

МУИС-ИЙН ХАРЬЯА ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар