МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль “Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл – Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Хүн-төвтэй нэгдмэл загвар” зэргийн бус сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 3-аас 4 дүгээр сарын 1-ий өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зэргийн бус сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт 6, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.7 дахь хэсэг, УИХ-ийн 2025 оны 78 дугаар тогтоол, МУИС- ийн “Стратеги төлөвлөгөөний зорилго 2.3.2, 4.3.2 дахь хэсэг, МУИС-ийн Дүрмийн 5.4.1 дэх хэсэг, МУИС-ийн ректорын 2025 оны 09 сарын 23-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн баталсан.
“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл – Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Хүн-төвтэй нэгдмэл загвар” зэргийн бус сургалтын хөтөлбөрийн зорилго нь төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин загварчлахад шаардлагатай процессуудыг өгөгдөлд суурилсан шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, төсөл хэрэгжүүлэх арга зүй, дижитал шилжилт, гүйцэтгэлийн удирдлага, хууль эрх зүйн зохицуулалт болон өөрчлөлтийн менежментийн зарчмуудтай уялдуулан төлөвлөж, загварчлан, хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь ойлголт, арга зүйг эзэмшүүлэхэд оршино.
Мөн, энэхүү зэргийн бус сургалтыг 8 хичээл (64 цаг, 4 кредит)-ийн агуулгын хүрээнд, 22 мэргэжлийн багшийн лекц, семинар хосолсон хэлбэрээр танхимын сургалтаар зохион байгууллаа.
Тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлэг, бусад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зэрэг 21 төрийн байгууллагуудын нийт 44 албан хаагчид хамрагдлаа.
Сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа 2026 оны 5 дугаар сарын 6-ний өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд болж, сургалтаа амжилттай дүүргэсэн нийт 44 төрийн албан хаагчид гэрчилгээ гардууллаа.

МУИС – ийн УТСОУХНУС – ийн захирал Проф. Др. С. Мөнхбат, МУИС -ийн СХЧБГ -ын дарга Дэд. Проф. Др. С.Булгантамир, Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Др. Н.Цэрмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар төгсөлтийн үйл ажиллагаанд оролцож, сургалтаа амжилттай дүүргэсэн төрийн албан хаагчдад гэрчилгээ гардуулан, баяр хүргэлээ. Түүнчлэн тус сургалтын багшлах бүрэлдэхүүн болон зохион байгуулалтыг ханган ажилласан хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

УТСОУХНУС – ийн захирал Проф. Др. С. Мөнхбат уг зэргийн бус сургалтыг цаашид тогтвортой хөгжүүлж, албан ёсны магистрын хөтөлбөр болгон өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа онцоллоо. Тэрбээр энэхүү сургалтад хамрагдсан төгсөгчид сургалтын явцад судалсан хичээл, багц цагийг магистрын хөтөлбөрт дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэж, улмаар магистрын түвшинд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах эрх нээгдэж байгааг онцгойлон дурдлаа.

Сургалтаа амжилттай дүүргэсэн төрийн албан хаагчдадаа баяр хүргэе.
Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургууль

