Цөмийн Энергийн Комисс (ЦЭК)-ын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн харьяа Цөмийн Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Хүрээлэн (ЦШУТҮХ) нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-тай хамтран “Бага чадлын модульяр реакторын хүний нөөцийн хөгжил” сэдэвт семинар 2026 оны 06-р сарын 15-наас 19-ний хооронд МУИС-ийн Төв байрны Дугуй танхимд зохион байгуулав.

Тус семинарын зорилго нь Монгол Улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөртэй холбоотой байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, бага чадлын модульяр реакторын технологи, хүний нөөцийн хөгжил, цөмийн мэдлэгийн менежмент, сургалтын тогтолцооны чиглэлээр олон улсын сайн туршлагыг хуваалцах, санал солилцоход оршив.
Семинарын нээлтийн ажиллагаанд ОУАЭА болон Цөмийн Энергийн Комиссын төлөөлөгчид оролцож, Монгол Улсад цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн бэлтгэл, боловсрол, сургалтын ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв.
Семинарын үеэр бага чадлын модульяр реакторын технологийн хөгжлийн чиг хандлага, реакторын физикийн үндсэн ойлголтууд, цөмийн цахилгаан станцын ашиглалтын онцлог, цөмийн түлшний аюулгүй ажиллагааны асуудал зэрэг техникийн сэдвүүдээр ОУАЭА-ын эксперт В. Артисюк танилцуулга хийлээ.
Хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр ОУАЭА-ын эксперт П. Поррас цөмийн мэдлэгийн менежмент, хүний нөөцийн хөгжлийн нэгдсэн аргачлал, их, дээд сургуулиудын боловсролын хөтөлбөрийн үнэлгээ, цөмийн эрчим хүчний хөтөлбөрт оролцох байгууллагуудын хүний нөөцийн хэрэгцээний урьдчилсан үнэлгээ болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн талаар танилцууллаа.
Түүнчлэн ОУАЭА-ын хамтран ажиллагч төвийн эксперт А. Диаченко RITM төрлийн бага чадлын модульяр реакторт суурилсан цөмийн цахилгаан станцын онцлог ба ажилтны сургалтын төвийг төлөвлөх, ажиллуулах туршлага, сургагч багш бэлтгэх аргачлалын талаар мэдээлэл өгсөн бол ОУАЭА-ын шинжээч Х. Субки виртуал хэлбэрээр оролцож, физик симуляторыг хэрхэн ашиглах талаар танилцуулга хийв.
Семинарын хүрээнд оролцогчид Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуулийн сургалтын лаборатори болон Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн лабораториудтай танилцлаа.

