МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, профессорууд Олон улсын нийгмийн ажлын зуны сургуулийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний хооронд МУИС-д зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Нийгмийн ажлын олон улсын зуны их сургууль (International Summer University in Social Work – ISUSW) нь нийгмийн ажлын боловсрол, судалгааны чиглэлээр ажилладаг олон улсын их сургуулиудын консорциумын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгждэг богино хугацааны академик хөтөлбөр бөгөөд ахисан түвшний оюутан, багш, судлаач, мэргэжилтнүүдийг нэгтгэн нийгмийн ажлын онол, бодлого, практикийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү хөтөлбөрт дэлхийн тэргүүлэх их сургуулиуд болох University of British Columbia, University of California Los Angeles, Chinese University of Hong Kong, Hebrew University of Jerusalem, Western Sydney University зэрэг байгууллагууд хамрагддаг бөгөөд Нийгмийн ажлын боловсрол, судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ажилладаг консорциум юм.
2026 оны ISUSW хөтөлбөрийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар баталсан бөгөөд энэ нь Төв Азийн бүс нутагт анх удаа зохион байгуулагдах арга хэмжээ болно. Иймд энэхүү арга хэмжээ нь Монголын нийгмийн ажлын боловсрол, судалгааг олон улсын академик орчинд таниулах чухал боломж юм.
Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн хэрэгжүүлж буй Нийгмийн ажил хөтөлбөрийн хувьд уг зуны их сургуулийг зохион байгуулснаар олон улсын туршлага, шинэ арга зүйг нэвтрүүлэх, нийгмийн ажлын бодлого, практикийг харьцуулах, суралцагчдын хувьд олон улсын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах замаар олон соёлын орчинд ажиллах ур чадвар эзэмшихэд чухал ач холбогдолтой.
СОЦИОЛОГИ, НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

