Монголчууд “Усыг – Чандмань эрдэнэ” хэмээн үзэж, гол мөрөн, горхи булгийн эхийг хамгаалж, усны нөөцөө хайрлан хямгадаж ирсэн түүхэн уламжлалтай билээ. НҮБ-аас гаргасан мэдээллээр дэлхийн нийт усны нөөцийн зөвхөн 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.
Манай орон далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог учраас усны нөөц багатай улсын тоонд ордог билээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд хатаж ширгэсэн болохыг судлаачдын судалгааны үр дүн илтгэж байна.
Усны хомстол, бохирдол, түүний ашиглалт, хамгааллын асуудал зөвхөн Монголд төдийгүй Азийн бусад улс орнуудад ч өнөөгийн нөхцөлд шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудын нэг байсаар байна. Азийн орнуудын ус, намгархаг газрын экосистемийг хамгаалах, гидробиологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгааны үр дүн, ололт амжилтыг практик хэрэглээнд
нэвтрүүлэх, тэргүүн туршлагаа харилцан солилцох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Азийн гидробиологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг усны салбарын эрдэмтэн судлаачид хоёр жил тутамд зохион байгуулдаг.
Өмнөх хурлууд БНСУ-ын Бусан, Сөүл, Япон улсын Мацумото, БНХАУ-ын Наньжин, Тайланд улсын Чиан Мэй, ОХУ-ын Владивосток зэрэг хотуудад зохион байгуулагдсан бөгөөд 7 дахь удаагийн хурлыг “Өөрчлөгдөж буй өнөөгийн ертөнц дэх Азийн ус, намгархаг газруудын экосистемд тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 29-өөс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Уг хурлаар Монгол болон Азийн бусад улс орнуудын ус, намгархаг газрын экосистемийн өнөөгийн төлөв байдал, биологийн олон янз байдлын өөрчлөлтийн чиг хандлага, хамгааллын асуудлаар олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх ба судалгааны ололт амжилт, тэргүүн туршлагаа харилцан солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, БНХАУ, Тайланд, Филиппин, ОХУ, АНУ, ХБНГУ зэрэг 10 гаруй орны 120 орчим эрдэмтэн судлаачид оролцож байна. Эрдэм шинжилгээний хурлыг Усан орчны биологийн олон янз байдал, ангилалзүй ба филогенетик, Усны чанар, экотоксикологи ба экосиситемийн тогтолцоо, Ус намгархаг газрын олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлт, Цэнгэг усны загасны олон янз байдал ба хамгаалал, Усны экосистемийн мониторинг ба менежмент, Гидробиологи ба бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг 6 салбар хуралдаанаар зохион байгуулж, эрдэмтэн судлаачид судалгааныхаа ажлын үр дүнг хэлэлцүүлж байна.

