
Монгол Улсад Газарзүйн чиглэлээр дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн болон Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхим байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил” (The XIV International Conference on Environment and Sustainable Development of the Mongolian Plateau and Surrounding Territories – ICOMP 2026) XIV олон улсын хурал 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо МУИС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлыг Монголын Газарзүйн Нийгэмлэг, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхим хамтран зохион байгуулж, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, БНХАУ-ын ШУА-ийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөцийн менежментийн хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, МУИС-ийн Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн, Future Earth-Монгол үндэсний хороо зэрэг байгууллагууд хамтран ажиллав.

ICOMP олон улсын хурал нь анх 2005 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд Монголын тэгш өндөрлөгийн хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд нийт 14 удаа зохион байгуулагдсанаас Монгол Улсад 7, БНХАУ-д 6, ОХУ-д 1 удаа болсон бөгөөд өнөөдөр бүс нутгийн хамгийн нэр хүндтэй газарзүйн олон улсын эрдэм шинжилгээний хурлуудын нэг болон өргөжин хөгжөөд байна.
Энэ удаагийн олон улсын хурал нь Монголын тэгш өндөрлөг болон зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил, бүс нутгийн хөгжлийн асуудлаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновацийг түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтарсан судалгааны чиглэлийг тодорхойлох зорилготой байв.
Хурлын хүрээнд дараах үндсэн зорилтуудыг хэлэлцэн санал солилцов. Үүнд:
- Байгаль болон нийгмийн шинжлэх ухааны салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Монголын тэгш өндөрлөгийг дэлхийн хэмжээний тэргүүлэх судалгааны бүс нутаг болгон хөгжүүлэх;
- Их өгөгдөл, GIS, зайнаас тандан судлал, хиймэл оюун ухаанд суурилсан судалгааг хөгжүүлэх;
- Газрын болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийн шинжлэх ухааны үндэслэлийг бэхжүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлох;
- Бүс нутгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулах үйл явцыг дэмжих.
Монголын тэгш өндөрлөг нь дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, нүүдлийн аж ахуй, экосистемийн өөрчлөлтийг судлах онцгой ач холбогдолтой бүс нутаг бөгөөд байгалийн болон нийгэм-эдийн засгийн үйл явцын харилцан хамаарлыг судлах дэлхийн хэмжээний байгалийн лаборатори болохыг оролцогчид онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн ICOMP 2026 олон улсын хуралд 6 орны 100 орчим эрдэмтэн, судлаач оролцож, 70 орчим эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв. Судлаачид уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн менежмент, хотжилт, газар ашиглалт, экологийн мониторинг, зайнаас тандан судлал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг өргөн хүрээний асуудлаар судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хурал нь Монголын тэгш өндөрлөгийн хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог идэвхжүүлэх, шинжлэх ухааны үр дүнг бодлого, төлөвлөлттэй уялдуулах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.

ICOMP 2026 олон улсын хурал нь Монгол Улсад Газарзүйн чиглэлээр дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний болон МУИС-ийн Газарзүйн тэнхим байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэсэн онцлох арга хэмжээ болж, Монголын газарзүйн шинжлэх ухааны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүс нутгийн хэмжээнд хамтарсан судалгааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

